Афганистан: Талибаныг эсэргүүцэгч иргэдийг зодож, сэтгүүлчдийг баривчилж
ДэлхийТалибан" хөдөлгөөнийнхнийг эсэргүүцэж байсан Үндэсний эсэргүүцлийн фронтын удирдагч Ахмад Масудыг дэмжсэн жагсаал Афганистанд болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Афганистан: Босогчдын тэргүүн Масудыг дэмжсэн жагсаал болжээ
Есдүгээр сарын долооны өдөр афганчуудын төлөөлөл босогчдын тэргүүн Ахмад Масудыг дэмжиж, талибуудтай хамтран ажиллаж буй Пакистаны эрх баригчдын бодлогыг шүүмжилсэн арга хэмжээ Кабул хот, Дайкунди муж, түүнчлэн Газни болон Герат хотуудад болсон юм. Тэд гартаа "Бид-Ахмад Масуд", "Панжшерийг аварцгаая", "Пакистан, Панжшерийг бөмбөгдөхөө зогсоо" гэсэн бичиг бүхий зурагт хуудас, түүнчлэн босогчдын хөдөлгөөний удирдагчийн хөргүүдийг барин алхжээ.
Гэвч тэд талибуудын анхаарлаас удаан хол байж чадсангүй. "Талибан" хөдөлгөөний дайчид эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг зодож, баривчилсан байна. Энэ талаар мягмар гарагийн орой Асвака агентлаг Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Агентлагийн дамжуулсан дүрс бичлэг дээр талибууд гудамжны арга хэмжээнд нэгдсэн эмэгтэйчүүдийг саваа модоор зодож байгаа нь дүрслэгдсэн байна. Түүнчлэн, үйл явдлыг дамжуулахаар ирсэн сэтгүүлчдийг талибууд баривчилжээ. Сэтгүүлчдийг бүгдийг нь цагдаагийн болон цэргийн машин руу үл мэдэгдэх зүг рүү авч явсан гэнэ.
Афганистаны гол хэвлэлүүдийн нэг боло ТОЛО Ньюс сувгийн зураглаач энэ үеэр баривчлагджээ. ТОЛО Ньюс сувгийн захирал Лофтулла Нажафизадагийн мэдээлснээр зураглаач Вахид Ахмади Афганы эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаалын бичлэгийг хийж байсан гэнэ. Гэтэл түүнийг баривчилсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг хэмээн үзээд, "фронт дээр ажиллаж байсан" Ахмадиг суллахыг талибуудад уриалжээ. Түүнчлэн жагсаалыг сурвалжилж, зураг авч байсан зураглаачдын камерыг хураасан гэнэ.
Ийнхүү иргэдийг зодож, сэтгүүлчдийг баривчлахаас өмнө талибууд эсэргүүцэгчид рүү буудсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ үеэр жагсагчдын зарим нь зугтаж, тарсан бол нөгөө хэсэг нь Кабулын гудамжаар лоозон хашгиран явсаар байсан гэнэ. Талибууд тэднийг тараах зорилгоор анхааруулан хий буудсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.
Талибаны үеийн Афганистаны амьдрал
Талибууд Афганистанд хяналтаа тогтоосны дараа шариатын хуулийг нэвтрүүлнэ хэмээн зарлаж, эмэгтэйчүүдийг дагалдах эр хүнгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон юм. Одоо Афганы гудамжид ганцаар яваа эмэгтэйчүүдийг зэвсэгтэй хамгаалагчид зогсоон, гэрлүү нь буцааж байгаа гэнэ.
Талибууд наймдугаар сард Кабулыг эзэлснээс хойш энэ хот өөрчлөгдөөгүй мэт боловч иргэдийн амьдрал, зан үйлд ихээхэн өөрчлөлт орсон талаар ВВС мэдээлжээ. Энд эрчүүд сахлаа ургуулах болж, эмэгтэйчүүд тод өнгийн алчуурнуудаа хар өнгийн биеэ бүтэн халхалсан хувцсаар сольсон байна.
Кабулын хазарачууд ихээр амьдардаг Дашт-э-Барчи зэрэг дүүргүүдэд айлуудыг нэгжин, эрчүүдийг авч явж байгаа гэнэ. Харин Кабулын төвд байх банкуудын урд урт дараалал үүссэн бөгөөд банкны ихэнх салбарууд мөнгөгүйн улмаас хаагджээ.
Энэ долоо хоногоос эхлэн хотыг чимэж байсан граффити зураг бүхий хана, уруулаа тодоор будаж, цагаан даашинз өмссөн инээмсэглэж буй сүйт бүсгүйн зураг бүхий сурталчилгааны самбаруудыг буджээ. Талибуудын үзэж байгаагаар ийм дүрслэл нь тэдний шашинд харш гэнэ.
Талибууд өмнө нь эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байх, түүгээр ч зогсохгүй ажил хийгээд ч хэрэггүй гэж ойлгогдохоор мэдэгдэл хийж байсан бол энэ удаад оюутнуудыг эр, эмээрээ тусгаарлагдан хичээллэх, эмэгэтйчүүд абайи, никаб хувцас өмсөхийг шаардсан байна. Талибууд хувийн их дээд сургуулиуд дээр эмэгтэй оюутнууд бүх биеэ хаасан урт даашинз болох хар абайи болон нүдээ л ил гаргасан никаб өмсөхийг шаардсан байна. Түүнчлэн эмэгтэй оюутнууд эрчүүдээс тусдаа сурах ёстой гэнэ.
Мөн талибуудын гаргасан тушаалд зааснаар, их дээд сургуулиуд эмэгтэй оюутнуудад хичээл заах эмэгтэй багш эсвэл сайн нэр хүндтэй ахимаг насны эрэгтэй багш ажилд авах ёстой аж.Тушаал ёсоор, эрэгтэй эмэгтэй оюутнууд тусдаа ангид эсвэл хаалтаар заагласан ангид тусгаарлагдан суралцах бөгөөд хичээл дуусмагц эмэгтэй оюутнууд сургуулиас гарах үед эрчүүдтэй мөргөлдөхгүйн тулд ангиас таван минутын өмнө гарч, тусгай танхимд хүлээх ёстой гэнэ.
Талибууд 1996-2001 оны хооронд анх Афганистаныг захирч байхдаа эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг тусгаарлах суралцуулах тушаал гаргаж байсан нь эмэгтэйчүүд сургалтад хамрагдах хувийг ихээхэн бууруулж байсан аж. Тухайн үед эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахдаа нүүрээ бүтэн хаасан бурка гэх хувцас өмсөхийг шаарддаг байжээ.