Афган оюутнууд эр, эмээрээ хөшгөөр тусгаарлагдан хичээлээ эхэлжээ
ДэлхийТалибанчууд засгийн эрхийг авснаас хойш гурван долоо хоног орчмын дараа Афганистаны их сургуулиуд үйл ажиллагаагаа сэргээж, оюутнууддаа хичээл зааж эхэлжээ.
Тус улсын боловсролын салбарт ямар өөрчлөлт гарахыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байна. Талибанчууд 1996-2001 онд Афганистаныг хянаж байхдаа охид бүсгүйчүүдийн боловсрол олж авах эрхийг хааж байсан юм. Өнөөдөр тэд дахин засгийн эрхэнд гарахдаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаа амласан ч бодит байдал дээр яг яаж хэрэгжих нь тодорхойгүй байна.
Харин энэ Даваа гарагаас эхлэн их сургуулиуд нээгдэхэд оюутнуудыг эр, эмээр нь тусгаарлаж хичээл заах журам хэрэгжиж эхэлжээ.
Тодруулбал анги танхим хүрэлцэхгүй тохиолдолд эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг тусад нь суулгаж, хооронд нь хөшиг татаж хаасан байна.
Мөн эмэгтэй оюутнууд хижаб (толгойн нөмрөг) заавал өмсөх, эрэгтэйчүүдээс тусдаа хаалгаар орж гарах, эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй багш хичээл заах зэрэг журам хэрэгжиж эхэлжээ.
Нэг ангид оюутнуудыг хөшиг, хаалтаар тусгаарлах нь багш, анги танхимын хүрэлцээ муутай Афганистаны их сургуулиудад хамгийн тохиромжтой шийдэл болохыг Талибаны дэглэмийн албаны хүн ярьсан байна.
Зарим их сургуулийн багш нар оюутнуудынх нь дөрөвний нэг орчим сургуульдаа эргэж ирснийг мэдээлжээ. Олон багш, оюутнууд гадаад улс руу дүрвэж, зарим нь эдийн засгийн хүндрэл хямралын улмаас суралцах боломжгүй болсонтой холбоотой гэж тэд тайлбарлаж байна.
Эх сурвалж: Reuters