Бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа экспортын тээврийг улам гацаажээ
НийгэмЗасгийн газраас УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилон, ажиллуулж буй. Гэвч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа ажлаа хийхгүй, асуудлыг улам хүндрүүлж байгааг Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрчид мэдээлж байна.
Гашуунсухайт боомтын тээвэрлэгч Б.Баянмөнх “Тээвэрчид бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяатай уулзахаар Цагаан хадны III постны ард гурав хонож байна. Энэ хүн ажлаа хийдэггүй, тээвэрчидтэй ч уулздаггүй. Экспортын тээврийг зохицуулахаар очсон хүн ажлыг улам гацаагаад байна. Тиймээс Н.Амарзаяа гэдэг хүн ажлаа хий. Эсвэл Засгийн газар энэ хүнээ буцааж татаж, дараагийн хүнээ томил. Гэхдээ ажлаа мэддэг, чаддаг хүнийг томилж, ажил хийлгэ ээ.
Тээвэрчид Монголын талд шинжилгээ өгөхөөр хариу нь сөрөг. Хятадын талд өгөхөөр коронавирусийн халдвартай гараад байна. Шинжилгээний хариуны энэ зөрүүний талаар Монголын төрийн албан хаагчид ажиллахгүй байна. Энэ байдал Монголын жолооч нарыг шахаж, Хятад жолооч нарыг оруулж ирэх нь гэсэн хардлагыг төрүүлж байна. Монголын 25 000 тээвэрчдийг ажилгүй болгож, хятад жолооч нарыг оруулж ирвэл монгол тээвэрчид тэмцэнэ. Хэрэгтэй бол үндэсний үзэлтэй хөдөлгөөнүүдэд хүсэлт гаргаж, хамтарч тэмцэнэ” хэмээн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяад анхаарууллаа.
Шивээхүрэн боомтод ч ялгаагүй Н.Амарзаяа төлөөлөгчийн зохицуулалтаас болж тээвэр гацаж, жолооч нар ажилгүй болсныг хэлж байна. Тиймээс бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяаг гурав хоногийн дотор ажлаа өгөхийг шаардлаа. Ажлаа өгөхгүй бол хилийн боомтуудын тээвэрчид нэгдэн, тэмцэхэд бэлэн байгааг хэллээ.