Эмүжин: Хамтарч идсэнгүй гээд хадраад хаядаг юм байгаа биз дээ …

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-09 14:44:46

БОАЖ-ын сайд Уртнасанг хэдэн сар л гөвж байна. Шалтгаан нь Уртнасан сайд болмогцоо Богдхан уулын сав газарт хууль зөрчин олгосон 240 орчим газрын зөвшөөрлийг нэг л өдөр бүгдийг цуцлаад хаясан хэрэг л дээ. Үүнээс болоод нөгөөх газрын эзэд Уртнасангийн хувийн бизнес, данс, намтар, холбоо сүлбээтэй байж болох хүмүүс гээд нэгжээгүй халаас, уудлаагүй уут үлдээлгүй судалцгаалаа. Даанч өнөөхөөс нь дараад авах юу ч илэрсэнгүй, барьцаалаад атгах ширхэг банз ч байсангүй.

Харин ч БОАЖ-ын үе үеийн сайд нарын хийгээгүйг хийж, байгаль хамгаалагчдаа орон сууцтай болгохоор шуурхайлан хөдлөөд, шуудхан л барилгыг нь эхлүүлчихдэг юм байна. Авдар савыг нь онгичоод, атгаад авах юм олдохгүй болохоор нь сүүлдээ “ааштай, авиртай” гээд самарч өгч байна аа. За тэгж байтал нөгөө Уртнасан нь бууж өгдөггүй ээ, үе үеийн сайд нарын сав саалийг дүүргэдэг ангийн зөвшөөрлийг нь шилэн болгоод цацчихлаа. Дахиад л Уртнасанг зун намрыг дамнуулан хорсолтойгоор гөвж байна даа. Өнөө хаширдаггүй хүүхэн чинь өмнөх сайд нарын хэнийх нь ч амжуулж байгаагүй бас нэг шийдмэг алхам хийчихлээ. Тэр нь яамныхаа бүх тендэрийг Худалдан авах газарт шууд шилжүүлчихжээ.

Дахиад л Уртнасанг урж идэх нь холгүй гөвж байна. Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нараас Л.Энх-Амгалан, Н.Уртнасан хоёр л яамдынхаа тендэрийг Худалдан авах газарт шилжүүлж, мөнгөнд гар дүрэхгүй, тендэр тойрсон авлигыг цэцэглүүлэхгүй гэдгээ ил тод мэдэгдсэн. Тийм болохоор нь үнэлээд, ажиглаад байгаа маань энэ. Гэтэл яав, бас л яаманд 10, 20, 30 жил шигдээд, ховор ангийн зөвшөөрөл, тендэрийн цавчаа, газрын наймаагаар насаараа шимэгчилж амьдардаг алба, газрын дарга нар, тэднийг дагасан сүлжээг доргиогоод орхисон хэрэг. За ялангуяа БОАЖ-ын яам бол Оюунхорол, Шийлэгдамба, Сарангэрэл гээд дандаа цавчааныхны өмчинд удсан яам. Тийм байтал Уртнасан очингуутаа урт гинжин хэлхээг нь тасалж, идээ бээрийг нь инээж байгаад шахаад эхэлсэн хэрэг.


Энэ яаманд хувалз шиг шигдэн шимэгчилж ирсэн дарга мэргэжилтнүүд, тэдний толгой болон донхойж байсан сайд нэртэй саалийн савнуудын эрх ашгийг зөрчөөд байхаар яаж сайн нэр дуулах вэ дээ. Хамтарч идсэнгүй гээд хадраад хаядаг юм байгаа биз дээ. Ер нь бол энэ хэдэн яаманд хэдэн арван жилээр шигдсэн яр шарх шиг албадын дарга нар, шимэгчилж сурсан ширүүн мэргэжилтнүүдэд аль ч намын, ямар ч сайд ерөөс хамаагүй. Сайдыгаа өндийнгүүт саалиа хувааж халааслачихаад, гарч орох хооронд нь гар хөлөөрөө дохилцож байгаад ганц хоёр цавчаа амжуулж, эзгүйд нь энэ аргаараа эх орон зарж суудаг дунд шатныханд учир их байна.


Ууж идээд ханана гэж үгүй, ууталж зөөгөөд цадна гэж байхгүй. Авлигын бүх арга замыг нь үгүй хийж, үүрээ бэхэлдэг сайдтай болмогцоо алахаас наагуур үзэн ядаж байна даа. Яамдын шимэгчдэд яг үнэндээ ямар сайд байх нь ердөө ч хамаагүй, улстөржүүлж байгаад ч болсон ууж идэх боломжоо л хангаж байвал боллоо гэсэн үг. Уртнасангаар энд жишээ авлаа, угтаа бүх яам увайгүй шимэгчдийн гэдсэнд урт удаанаар ялзарч байгаа нь үнэн шүү дээ. Засгийн газарт сэлгээ хийгдвэл Энх-Амгалан, Уртнасан хоёроор л оролдоно, хараад байгаарай, хамтарч идээгүй хүнээ түрүүлж хадардаг түргэн зантай л даа, манайхан.



Холбоотой мэдээ