Орос, Беларусийг нэгтгэх ажилд том ахиц гарсныг Лукашенко зарлажээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-12 01:35:10

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Москва хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Тэрбээр энэ онд тав дахь удаагаа Путинтэй уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр Лукашенко удаан хугацаанд яригдаж байгаа Орос, Беларусийн интеграцийн асуудалд том ахиц дэвшил гарч, үүнтэй холбоотой 28 дэд хөтөлбөр хэрэгжиж дууссаныг мэдээлжээ.

Түүний хэлснээр холбооны улс байгуулах багц төлөвлөгөөг аравдугаар сарын сүүлээр хоёр улсын дээд удирдлагын түвшинд батлах гэнэ.

Орос, Беларусь улсуудыг холбооны улс болгон нэгтгэх санаа сүүлийн 20 гаруй жил яригдаж байгаа ч ахиц дэвшил муу байсан юм. Харин өнгөрсөн оны наймдугаар сард Беларусьт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Лукашенкогийн байр суурь ганхсан нь энэ санааг хэрэгжүүлэх үйл явцад түлхэц болжээ.

Уулзалтын үеэр Путин өрнөдийн орнуудын эдийн засгийн хоригт ороод байгаа Лукашенког бүх талаар дэмжихээ дахин дахин амласан байна.

Сонгуулийн дараа Беларусь даяар Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өрнөж, сүүлийн байдлаар 500 гаруй хүн улс төрийн хоригдол болоод байгаа.

Оростой хийх тохиролцоо нь Беларусийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг алдагдуулахгүй гэж Лукашенко Москва руу нисэхийнхээ өмнө мэдэгдэж байв.

Уулзалтын дараа Путин хэлэхдээ тохиролцоог эцэслэн батлах засгийн газар хоорондын уулзалт Баасан гарагт Минск хотод болох тухай мэдэгджээ.

"Европын сүүлчийн дарангуйлагч" хочтой Лукашенко улс орноо 27 жил тасралтгүй удирдаж байгаа бөгөөд 2020 онд тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Эх сурвалж: DPA


Холбоотой мэдээ