Эргэн амилахаа хүлээж буй цогцоснууд буюу Оросын крио-бизнесийн маргаан
Сонин ХачинШинжлэх ухааны ололтод амжилтад итгэн, хэзээ нэгэн цагт өөрсдийг нь шинэ ертөнцөд амилуулна гэж итгэсэн олон хүн чамгүй мөнгө төлөн, өөрийгөө хөлдөөлгөн, цогцосоо хэвээр нь хадгалуулах "крио" технологийн талаар сонсоогүй хүн үгүй биз. Гүн хөлдөөсөн цогцосыг амилуулах цаг үе хэзээ ирэх нь тодорхойгүй, мөн зарим хүмүүс өөрийг нь сэрээх цаг хугацааг ч гэрээслэсэн гэгддэг.
Дэлхий дээр ийм бизнес эрхэлдэг цөөн тооны компани байдгийн нэг нь хойд хөршид бий. Саяхан Оросын энэ бизнесийнхний сөргөлдөөн олон нийтэд ил болж, ихээхэн шуугиан тарьжээ.
Оросын Сергиев Посад хотын Семхоз дүүрэгт нэг их өвөрмөц, ялгарахгүй барилгад олон арван хөлдөөсөн цогцос бий. Үйлчлүүлэгчид болон тэдний ар гэрийнхэн нь "КриоРус" компанитай гэрээ байгуулж, нас барсан хүмүүсийг шингэн азотод хадгалуулж байгаа нь энэ. Шинжлэх ухаан хөгжсөнөөр үхэгсдийг амилуулж чадна гэж итгэсэн хүмүүс ийнхүү энэ компанитай гэрээ байгуулжээ. Харин одоо энэ компанийг үүсгэн байгуулагчид хоорондоо зөрчилдөж, нэгнээ цогцос хулгайлсанд буруутгаж байгаа гэнэ.
Хүмүүсийг хөлдөөж эхэлсэн түүх
Хүмүүсийг хөлдөөж хадгалдаг энэ технологийг анх АНУ-д 1967 оноос ашиглаж эхэлжээ. Хүнийг крио аргаар хөлдөөхийн тулд цогцосыг хуурай мөсөөр хөргөнө. Цусыг шавхан авч, оронд нь хөлдөөх үед мөсний талстууд үүсгэдэггүй бодис шахдаг аж. Дараа нь цогцосыг шингэн азотоор дүүргэсэн, Цельсийн -196 хэмийн температуртай 10 метрийн хэмжээтэй сав руу хийдэг аж. Нэг ийм саванд 8-10 цогцос хадгалдаг юм байна.
Дэлхий дээр криофирм хуруу дарам цөөн. АНУ, Хятадад байдаг, нэг нь Орост бий. Оросын Сергиев Посад хотод 81 хүн, 47 амьтны цогцос хадгалагддаг аж. Өөрсдийгөө хөлдөөхөөр дахин 500 хүн гэрээ байгуулжээ.
Хүн бүр өөрийгөө хөлдөөлгөх үйлчилгээ авахад хэцүү. Энэ үйлчилгээг авахын тулд 36 мянган доллар (shuud.mn: монгол мөнгөөр 94.3 сая төгрөг)төлөх ёстой бөгөөд 15 мянгаар ганцхан тархи хөлдөөх боломжтой. Ийм мөнгөөр гэрээний хугацаа дуусмагц үнэ төлбөргүй сунган, 100 жилийн хугацаатайгаар шингэн азотод хадгална. Ер нь бол шинжлэх ухаан хэзээ үхэгсдийг амилуулах боломжтой болсон тэр цаг хүртэл л гэсэн үг.
Крионикийг шинжлэх ухааны хүрээллийнхэн нэг бус удаа шүүмжилж байлаа. Энэ аргыг эсэргүүцэгчид, хүний тархи хүчилтөрөгчгүйгээр таван минутаас дээш хугацаанд амьдрах боломжгүй гэдэг. Тиймээс ирээдүйд үхэгсдийг амилуулж сурсан ч тархийг нөхөн сэргээнэ гэсэн баталгаа байхгүй гэж зарим эрдэмтэд үздэг. Харин крио аргыг дэмжигчид өөрсдийн баримтыг гаргаж ирдэг юм.
Орост юу болов?
Энэ өвөрмөц бизнестэй холбоотой өвөрмөц дуулиан гарсан талаар бид дээр цухас дурдсан. КП агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын наймны өдөр Сергиев Посад дахь агуулахаас цогцоснууд хадгалсан савыг хулгайлжээ. Энэ талаар “КриоРу” компанийн үүсгэн байгуулагчдийн нэг Данила Медведев ярьсан байна. Хэргийн ард компанийн өөр нэг үүсгэн байгуулагч Валерия Удалова байгаа бөгөөд савыг ачсан ачааны машинуудыг цагдаагийн тусламжтайгаар зогсоож, агуулахад эргүүлэн авчруулжээ.
Ердийн нэг бизнес маргаан мэт боловч энэ бизнес нь ихээхэн өвөрмөц тул олны анхаарлыг ихээр татжээ.
Данила Медведевийн өгүүлснээр, өөр нэг үүсгэн байгуулагч нь авч явах гэж оролдсон саванд 30 цогцос хадгалагдаж байсан гэнэ. Харин энэ хэрэгт буруутгагдаад байгаа Валерия Удалова юу ч хулгайлаагүй, шинэ агуулахад шилжүүлэн байрлуулах гэж савнуудыг авсан хэмээн өгүүлжээ. Мөн бүхий л баримт бичиг хууль ёсных хэмээн мэдүүлж, хамтран зүтгэгчидээ сав эзэмших баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, цагдаад хуурамч мэдүүлэг өгсөн, өөрийг нь гүтгэсэн хэмээн цагдаагийн газарт гурван өргөдөл гаргажээ. Тэрбээр өөрийгөө хохирогч гээд бизнесээ шинэ компани нээж эхлүүлнэ гэсэн байна.