Засгийн хууль зөрчсөн САЛЮТ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-19 00:11:29

Баасан гарагийн орой  түм түжигнэж, бум бужигнаж  хөгжим эгшиглэж, одод дуулж, салют буудуулж, Ерөнхий сайд зочилж, очсон түмний сэтгэлийг догдуулж, цөсийг хөөргөв.

Энэ бол Монгол Улсад шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлсэн, өнөөдрийн Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газрын  100 жилийн ойн ёслолын ажиллагаа. Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлэн, стратегийн зургаан зорилтыг тодорхойлоод байгаа. Өнөөдөр олон нийт гар утас, интернэт ашиглаж, сошиалын үйл явдлыг цаг алдалгүй өөр өөрсдийн шугамаар хүлээн авдаг болсон. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрынхан “Цахим үндэстэн” болж байгааг бататгаж, ойн арга хэмжээгээ хуулийн хүрээнд олон нийтэд цахимаар хүргэж болох байлаа.  Гэвч олныг уриалан цуглуулж, хууль зөрчив.

 Цар тахлын халдварын дэгдэлт өндөр энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын баяр наадмаа ч цахимаар тэмдэглэж, аймгуудыг наадам зохион байгуулахыг хориглосон. Өнөөдөр Засгийн газар  энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа. Өдөр  бүр 4000 шахам иргэн шинээр халдвар, өдөр бүр энэ аймшигт өвчний улмаас 10 гаруй хүн хорвооог орхиж байна. Энэ долоо хоногт цар тахлын халдвараар нас барсан иргэний тоо Монгол Улсын хэмжээнд 1000 давсан эмгэнэлт мэдээтэй.

 Эмч, эмнэлгийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эмнэлгийн ор хүрэлцээгүй, хавсарсан өвчингүй ковид туссан иргэдийг гэрийн хяналтад эмчилж байна. Өвчтөнд эмч хүрэлцэхгүй, резидент эмч нарыг сайн дураараа ажиллахыг ЭМЯ уриалсааар байгаа. Басхүү зарим үйлчилгээний газруудын ажиллах хуваарийг 22:00 цаг болгох саналыг ч удаа дараа тавьж байна. 

 Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдсэн  ч цар тахлын шинэ мутацилагдсан хувилбарууд гарч ирсээр байгаа ЭМЯ анхааруулж, гэрээсээ бусад газарт амны хаалтаа тайлахгүй байх, хүн хоорондын зай барих, олноороо цуглахгүй байх, үйл ажиллагаагаа нээсэн үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчийн 50 хувийг зааланд хүлээж авах, хичэээлийг 5/9-ийн танхим, цахим хосолсон сургалтаар явуулах гээд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн Засгийн газрын шийдвэр, журам ар араасаа гарсан.

Айлын найранд очсон иргэдээс халдвараар өвчиллөө, багш нар халдвараар өвчилсөн учир зарим сургуулиудыг цахимаар хичээлүүлж байгаа мэдээлэл өдөр бүр гарч, амны хаалтаа зүүж, олон нийтийн арга хэмжээ зохиохгүй байхыг Засгийн газар уриалсаар ирсэн. 

Үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагууд мэргэжлийн хяналт, цагдаа тасрахгүй ирж, шалгаж, хариуцлагын гэрээ нэхэж, хугацаа хэтрүүлсэн гэж хааж байгаа. Тиймээс ч зарим үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж чадахгүйд хүрч, хууль, хяналтынхны гэнэтийн шалгалтаас залхаж үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. 

 Гэтэл шуудан холбооны ойн арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл өгсөн бол хариуцлагын гэрээ байгуулсан эсэхийг бүү мэд. Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн гэхээр зөвшөөрөлтэй арга хэмжээ болж таараад байна. Олныг цуглуулж, бөөгнөрүүлсэн ойн арга хэмжээ хичнээн хүний эрүүл мэнд, амь насаар хэмжигдэхийг  таашгүй.

Харамсалтай ч баталсан шийдвэр, журмаа Засгийн газар өөрөө зөрчиж, цар тахлын үеийн хуулин дээрээ гишгэлээ. "Өргөө" амаржих газарт дөнгөж амаржсан нялх биетэй ээжийг хүүхдийн хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ халат, гэрийн шаахайтай нь хүйтэн машинд суулган авч явсанд иргэд бухимдаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийснээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гарган огцорсон. 

Харин төрийн тусгай хамгаалалт дор, зохион байгуулалтайгаар ой тэмдэглэж, олныг цуглуулж салют буудуулсан эрх баригч хүчин МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  өөрийн хүсэлтээрээ огцрох улс төрийн зориг гаргах эсэхийг харъя.




Холбоотой мэдээ