Казахстанд хүүхэд хүчирхийлэгчийг анх удаа химийн аргаар хөнгөлжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-09-19 15:33:50

Казахстан улс бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг анх удаа химийн аргаар хөнгөлсөн байна. 

Тус улсад "педофил" буюу насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг шийтгэх аргыг зөвшөөрсөн шинэ хууль батлагдсанаас хэдэн сарын дараа энэхүү явдал болжээ. 

Тодруулбал Казахстаны өмнөд хэсэгт орших Туркестан мужийн харьяат, нэр нь үл мэдэгдэх иргэнд тусгай тарилга хийж хөнгөлөх ажлыг эрүүл мэндийн яамны ажилтнууд хариуцан явуулжээ. 

2018 онд буюу Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үед "Химийн аргаар хөнгөлөх тухай хууль"-ийн төслийг анх өргөн барьж байв. 

Тэгвэл энэ жил Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар  хүүхэд хүчирхийлсэн эрчүүдэд 2000 удаа тарилга хийлгэхэд 25,000 гаруй доллар төсөвлөжээ.

Тус тарилгыг бүрэн үйлчилгээтэй болохын тулд жилд хоёр удаа хийх шаардлагатай аж. 

Найрлагын хувьд хорт хавдартай тэмцэх зорилгоор боловсруулсан стероид антиандроген ципротероноос бүрджээ.


Туркестан мужийн онцгой дэглэмт ИЧ 167/9 хорих ангид олон жилийн ялтай хоригдож буй хэрэгтэн энэхүү шийтгэлийг амссан анхны хүн болжээ. 

Тарилга хийсний дараа юу мэдэрснийг сэтгүүлчид түүнээс асуухад:

"Юу хэлэхэв дээ, хамгийн заналт дайсандаа ч хийлгэмээргүй үнэхээр хэцүү зүйл байна. 

Тариулсны дараа бүх бие аймшигтай өвдөж, алхаж ч чадахаа больсон. 

Гуйж болох бүхий л хүнээс энэ ажиллагааг зогсоож, надад туслахыг гуйя. 

Би одоо ч гэртээ харьж, гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсэж байна." хэмээн хариулжээ.


Мэс заслын аргаар хөнгөлөхөөс ялгаатай нь химийн арга нь бэлгийн дур хүслийг бүх насаар нь үгүй хийдэггүй гэнэ.

Тиймээс зарим хүмүүс энэ аргыг ирээдүйн халдлагаас урьдчилан сэргийлж чадахгүй хэмээн үзэж байгаа аж.

Казахстанд насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн гаралт 2010-2014 оны хооронд жилд хоёр дахин өсч, 1000 орчим болсон байна. 

Тус улсад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 20 хүртэл жилийн хорих ял оноодог.


Гэхдээ Казахстан нь ийм арга хэмжээ авч байгаа цорын ганц улс биш юм. 

Хэдэн сарын өмнө Их Британийн засгийн газар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн ялтнуудыг засан хүмүүжүлэх илүү түгээмэл хэлбэр болгон химийн аргаар хөнгөлөх аргыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. 

Онцлог нь Британийн ялтнууд шийтгэлийн хэлбэр болох шоронд хоригдох эсвэл хөнгөлүүлэх хоёрын аль нэгийг сонгох эрхтэй аж. 

Одоогоор 120 орчим хүчирхийллийн гэмт хэрэгтэн сайн дураараа ийм "эмчилгээ" хийлгэж байгаа гэнэ.



Холбоотой мэдээ