Намайг уучлаарай, би цар тахлын үед сайн ажиллаж чадсангүй
Улс ТөрАрд түмнээсээ уучлалт гуйн зогсох энэ хүн бол Япон Улсын 99 дэх Ерөнхий сайд Ёшихидэ Сүга юм. Тэрээр 2020 оны 09 сарын 16-ны өдөр энэхүү албан тушаалд томилогдсон. Тус улсын орчин цагийн түүхэнд хамгийн удаан хугацаанд Засгийн эрх барьсан Абэ Шинзог залгамжилсан улстөрч. Түүний хувьд улстөр, эдийн засаг, нийгмийн хамгийн бэрхшээлтэй цаг үед Японы Засгийн Газрыг удирдах болсон юм. 71 настай Ёшихидэ Сүга тухайн үед:
"Би Акитагийн тариачны ууган хүү болж мэндэлсэн хүн. Улстөрийн ямар ч мэдлэггүй, ураг төрлийн холбоогүй би бүхнийг 0-ээс эхлэн явсаар өнөөдөр Либерал Ардчилсан Намын дарга, Ерөнхий сайд болж байна. Би өөрийгөө бүхэлд нь Япон Улс, түүний ард түмний төлөө зориулах болно”
гэж мэдэгдэж байв. Ё.Сүга нь 2012 оноос хойш Абэгийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинд Япон Улсын нүүр царай болон танигдсан нэгэн. Мөн ард түмэндээ сайн муу мэдээг хамгийн түрүүнд дуулгадаг хүн байв.
Түүний Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд цар тахлын нөхцөл байдал сайжирсангүй, улам хүндэрсэн. Хатуу хөл хориог муж, хотуудаар хэдэнтээ тогтоов. Харин туршлагатай улстөрч өөрийн чадвар манлайлал, төрийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур яваагаа гэнэтийн шийдвэрээрээ харуулав.
Эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан нь олон нийтийг гайхашралд оруулав. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын албан тушаалаас сайн дураар бууна гэдгээ үйлдлээрээ харууллаа. Ажиглагчид энэ үйл явдлыг өөртөө тооцож буй ёс зүйн хариуцлага хэмээн дүгнэж байна. Японы хөгжил дэлхий даяар шагшигдаж буй нь удирдагчдын ёс зүйтэй шууд холбоотой билээ.
Улстөрч хүн ирэх, явах цагаа мэддэг байх учиртай