Н.Сувд: Төсөл хэрэгжүүлэх компанийнхан оршин суугчдын 80%-аас зөвшөөрлийн гарын үсэг авсан гэдгээ бидэнд хэлсэн
НийгэмБаянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн арын газрын маргаантай холбоотой асуудлаар Ардын жүжигчин Н.Сувд, "Саран ээж" нийгэмлэгээс мэдээлэл хийлээ. Ардын жүжигчин Н.Сувд "Сүүлийн өдрүүдэд гарч байгаа зарим ташаа ойлголтыг залруулах, "Саран ээж" нийгэмлэгийн хийж байгаа ажлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх гэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна. Би сүүлийн 7, 8 жил энэ нийгэмлэгийн сонгуульт ажлыг хийж байгаа. Олон хүүхэд төрүүлж, өсгөж тэднийгээ сайн сайхан хүмүүжүүлсэн ээжүүдийг сурталчлах, олонд таниулах ажлыг энэ нийгэмлэг хийдэг бөгөөд нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ юм. Манай удирдах зөвлөлийн гишүүд ямар нэгэн хөлс мөнгөгүйгээр ажилладаг.
Ээжүүдийг тодорхойлоод гэрчилгээ олгох гээд улайраад сурталчлаад байдаггүй. Үнэхээр ээжийгээ баярлуулах гэсэн хүүхдүүд, хань ижил, хамт олон нь тодорхойлолт гаргаад бидэнд ирүүлдэг. Түүнийг нь үндэслэж гэрчилгээ олгодог бөгөөд тэгээд хаячихдаггүй. Тэр сайхан ээжүүдийн сургааль, туршлагыг багтаасан номыг бүтээж, түгээдэг. Нийгэмлэг албан ёсоор Хууль зүйн яаманд бүртгүүлснээс хойш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа учраас "Ээж" музей байгуулах, тэндээ тогтмол үйл ажиллагаа явуулах асуудлыг ярьж байж. Манай ахмадууд зүгээр яриад орхидоггүй хүмүүс учраас төсөл бичиж, зураг гаргаад 2002 онд хотоос газрын зөвшөөрлөө авсан юм байна. Музейн барилгын суурийг 2007 онд тавьж байх үед яг залгаа дэргэд нь БЗД-ээс дөрвөн ААН-д газар олгож, орон сууц барих болсон юм билээ. Ингээд газрын маргаан эхэлсэн. Маргаан үргэлжилсээр 2017 онд шүүхээс ААН-үүд газар авахдаа ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд хоорондоо хамтарч ажиллах болсон. Ингэхдээ өндөр барилгуудын ард биш хамгийн урд нь хоёр давхар "Ээж" музей болон Эмэгтэйчүүдийн соёлын төвийг барих саналыг дээр дурдсан ААН-үүдээс манай удирдах зөвлөлд тавьсан. Бид саналыг нь хүлээн авч, хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа.
Ерөнхий сайд тухайн газрын нөхцөл байдалтай танилцах үеэрээ өндөр барилга барих бус ногоон байгууламжтай, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэх чиглэл өгсөн байна. Үүнийг нь бид дэмжиж байгаа. Тиймээс нөгөө ААН-үүдтэйгээ уулзалт зохион байгуулсан. Тэдний зүгээс татгалзах зүйл байхгүй ч гаргасан хөрөнгө оруулалт, зардлаа хэрхэн буцааж нөхөх вэ гэсэн асуудал байгаа гэдгийг хэллээ.
Тухайн газарт спорт комплекс, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай бүтээн байгуулалт хийе гэсэн саналыг бас нэг компаниас бидэнд тавиад байна. Ингэхдээ тэнд байгуулагдсан үйлчилгээний байгууллагыг хөрөнгөө гаргачихаад байгаа компаниудтай хамтарч ажиллуулаад зардлыг нь нөхөж ажиллая гэсэн.
Энэ төслийг бид хотод танилцуулахад болно, дэмжье гэсэн аман хариу өгчихөөд байгаа.
Төсөл хэрэгжүүлэх компанийнхан тэр хавийн оршин суугчдын 80 гаруй хувиас зөвшөөрлийн гарын үсэг авсан гэдгээ бидэнд хэлсэн.
Нөхцөл байдал ийм байхад юу нь болохгүй байгааг бид ойлгохгүй байна" хэмээн ярилаа.
"Саран ээж" нийгэмлэгийн зүгээс зөвхөн ээжүүд, эмэгтэйчүүдийн чиглэлээр бус хүүхэд залуус руу чиглэсэн ажлуудыг хийж байгаагаа мөн ярьж байв.
Тухайлбал, Хүүхдийн төлөө сан байгуулах саналыг 2017 оноос гаргаж байсан нь одоо хууль ёсоор байгуулагдаад байгаа ажээ. Үүн дээр манай санаачилга, бидний нэр гарсангүй гээд гүйгээд байгаагүй гэдгийг мөн нийгэмлэгийнхэн хэлж байлаа.