Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
НийгэмНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсныг дуулгалаа.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:
"Улаанбаатар хотын хэмжээнд бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хамтарч ажиллаж байна.
Зарим аж ахуйн нэгжүүд хариуцлагын гэрээ зөрчсөн учраас хариуцлага тооцсон тохиолдол байгаа.
Хариуцлагын гэрээ нь төр, хувийн хэвшлийн түншлэл, харилцан итгэлцэл дээр суурилсан.
Цар тахлын энэ үед аль болох зөвлөн туслах, торгохгүй байх чиглэл барьж байна.
Бид эхний ээлжинд нийслэлийн эргэн тойронд байгаа жуулчны баазууд болон бусад хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг нээсэн.
Аж ахуйн нэгж, холбоодоос санал ирсний үндсэн дээр бид ярилцаж дараах шийдвэрт хүрч байна.
Нэгдүгээрт,урлаг, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрч байна.
Энэ төрлийн бүхий л үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг аравдугаар сарын нэгнээс нээхээр тохиролцлоо.
Үүнд зай барих боломж бүхий талбайтай, 50 хувийн дүүргэлттэй ажиллах шаардлага тавьж байгаа.
Мөн эвент холлууд халдвар хамгааллын дэглэм баримтлан, суугаа хүлээн авалт, хурал, семинар явуулахыг зөвшөөрсөн.
Хоёрдугаарт, караоке үйлчилгээ эрхлэгчдэд заалны дүүргэлт 50 хувь байх шаардлага тавьж байна. Үүний тулд 10 хоногийн хугацаа өгч бэлтгэл хангуулж байна.
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм.
Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхааруулж байна.
Нэмж хэлэхэд диско бар ажиллуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж нийслэлд үйл ажиллагаа явуулдаг.
Бид эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, байр суурийг нь сонсоно.
Цагийн хуваарийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас 00:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа" гэлээ.