Хувьцаа, бондын ард бодит компани, бизнес, хөрөнгө байдаг бол койнд байхгүй
НийгэмЭнэ удаад бид сүүлийн үед газар аваад байгаа олон тооны койнуудын талаар Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.
Дэлхий даяар маш олон койнууд гарч олон нийтийг шуугиулж байна, зарим хүмүүс удахгүй койн нь мөнгийг орлож төлбөрийн хэрэгсэл болно гэж үзэж байхад нөгөө хэсэг нь энэ бол нэн эрсдэлтэй санхүүгийн схем ч гэж хэлэх нь байна. Энэ талаар бидэнтэй бодлоо хуваалцаач?
Криптовалют гэдэг зүйл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, трэнд болчихоод байна л даа. Олон улсад гарч байгаа койнуудын дийлэнх хувь нь төлбөрийн эсвэл урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн богино хугацаанд ашиг олох гэсэн хүсэл дээр суурилж гараад байна уу гэж харж байна. Зарим хөгжингүй улс оронд төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэдий ч хөгжиж буй улс орнуудад койн, криптовалютыг төлбөрийн хэрэгслээр бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хууль эрх зүйн орчин нь хараахан бүрэлдээгүй байна. Энэ талаарх нарийвчилсан зохицуулалт хомс, олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа тул хөрөнгө оруулагчид хохирох, алдагдалд орох тохиолдол гардаг. Үүнтэй холбоотой хэд хэдэн дуулиантай хэргүүд ч олон улсад гарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсныг санаж байна. Тухайлбал, олон улсад Onecoin гэх блокчейн технологид суурилаагүй, хуурамч сүлжээ олон иргэдийг хохироосон явдал гарч байсан. Тэгэхээр койн гэсэн болгон криптовалют биш байх эрсдэл байгаа тул иргэд үүнийг маш сайн судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж хэлэх байна.
Койн уу, хувьцаа юу гэдэг асуулт бас зүй ёсоор тавигдах байх л даа. Хөрөнгийн захын төлөөллийн хувиар та юу гэж зөвлөх вэ?
Сүүлийн үед олон хүмүүс хөрөнгийн захын мэргэжилтнүүдээс хувьцаа авах уу, койн авах уу, эсвэл бонд авах уу гэх мэтээр нилээн асууж байна л даа. Товчхондоо бирж дээр арилжигдаж байгаа хувьцаа болон бондын ард талд бодитой компани, бизнес, хөрөнгө, орлогын эх үүсвэр байдаг. Гэтэл ихэнх койны ард талд бодит хөрөнгө, орлогын эх үүсвэр бүрдүүлэгч байдаггүй.
Монголын Хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцаа, бондыг Санхүүгийн зохицуулах хороо, бирж хянаж, үнэлгээг нь нягталсны үндсэн дээр олон нийтэд арилжаалах зөвшөөрөл олгодог. Мөн Хороо, Сангийн яамнаас зөвшөөрөл авсан аудитын, үнэлгээний компаниуд гэх мэт олон талын оролцоотойгоор хувьцаа, бонд болон бирж дээрх бусад бүтээгдэхүүний хяналт хийгддэг. Гэтэл койныг хянаж байгаа субъект одоогоор манайд алга байна. Тэгэхээр найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд олон шалгуур даван хөрөнгийн зах дээр гарч ирж байгаа хувьцаа болон бондонд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай гэдгийг онцолмоор байна.
Монголын хөрөнгийн бирж дээр арилжигдаж буй бүтээгдэхүүнүүд зохицуулалтгүй зах зээлд арилжигдаж буй хэрэгслүүдтэй өрсөлдөхүйц өгөөжтэй байгааг сүүлийн үеийн тоо мэдээллүүдээс харж болно. Жишээлбэл, МХБ дээр идэвхтэй арилжигддаг топ 20 хувьцаануудын үнийн өсөлт, бууралтыг хэмждэг ТОП 20 индекс сүүлийн 1 жилийн дотор 2 дахин, 1-р самбарын хувьцаануудын үнэ дунджаар мөн 2 дахин өссөн.
Олон улсын зарим биржүүд токенжуулсан үнэт цаас бүртгэж, арилжаалах, блокчейн технологийг үйл ажиллагаандаа туршилтын журмаар хэсэгчлэн нэвтрүүлэх гэх мэтээр шинэ тутам гарч буй технологийн дэвшлийг ашиглах оролдлогууд хийж байна л даа. Монголын хөрөнгийн бирж ч мөн энэ жишгийн дагуу үйл ажиллагаагаа шинэчилж, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа тул үүнд бэлдэх үүднээс туршилтын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
Койнууд нь биржээр дамжин арилжигдаж байгаа нь иргэдэд ихээхэн итгэл төрүүлж байна гэж харж байна. Энэ талаар таны зөвөлгөө?
Энд би койн бол хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн биш гэдгийг онцолж хэлмээр байна. Монголын хөрөнгийн бирж албан ёсоор, хуулийн хүрээнд арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор ямар ч койн арилжаалдаггүй.
Койн арилжаалж байгаа биржүүд гэдэг нь үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биржийн зөвшөөрөл аваагүй онлайн платформууд юм. Биржээр их хэмжээний мөнгө дамжиж, иргэдийн мэдээлэлтэй харьцаж байдаг учраас програм хангамж, эрсдлийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин гээд маш олон шалгуурыг хангаж байж бирж болдог. Хөрөнгийн бирж гэдэг бол яг л банк гэдэгтэй адилхан иргэдийн санхүү мөнгөтэй харьцдаг, хуулийн тусгай зохицуулалтанд байдаг байгууллага шүү дээ.
Тэгвэл эдгээрийг биржийн нэгэн адилаар зохицуулалтанд оруулж болох уу?
Койнууд болон ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бүртгэлжүүлэх, койны арилжаанд зуучилж буй платформуудын үйл ажиллагааг зохицуулах хуультай болох ёстой. Одоо УИХ дээр Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа юм байна лээ. Энэ хууль батлагдсанаар криптовалютын арилжааг эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хяналт зохицуулалтанд оруулж, хөрөнгө оруулагчид хохирох эрсдлийг бууруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, криптовалютын гүйлгээ, арилжаанаас олсон орлогод татвар ногдуулах, далд эдийн засгийг хумих зэргээр криптовалюттай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.