Аутизмтай хүүхэд энгийн сургуульд сурах "эрхгүй"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-22 00:24:26

“Миний хүү аутизмын хамгийн хөнгөн хэлбэрээр оношлогдсон. Цэцэрлэгийн багш нь бусад хүүхдүүдээс өөр хүүхэд гэдгийг нь хэлж байсан ч сургаж чадахүй гэх зүйл огт ярьж байгаагүй. Хүү маань энэ жил Сүхбаатар дүүргийн 50 дугаар сургуульд  орсон. Сургуулийн удирдлага, багш, анги хамт олонд нь талархаж байна. Аутизмтай хүүхдээ энгийн сургуульд явуулах нь ихэнх эцэг, эхчүүдийн мөрөөдөл” гэж хүүгийн аав Л.Золбаяр онцлов. Тус сургуулийн бага, дунд ангид хоёр аутизмтай хүүхэд суралцдаг бөгөөд сурагчид болон эцэг эхчүүдээс нь сөрөг хандлага гаргаж байгаагүй аж.

50 дугаар сургуулийн дунд ангийн багш “Аутизмтай хүүхдүүдийн хувьд тэр болгон ажиглагдахгүй ч гэсэн хааяа гэнэт уурлахаараа хашгирах ч юм уу, эсвэл гомдохоороо хүүхдүүдийн өмнө уйлах тохиолдол гардаг. Анхандаа хэцүү байсан. Гэхдээ одоо байдал өөр болсон. Хүүхдүүд хоорондоо дасаад, эцэг, эхчүүд ч ойлгодог болсон. Хүүхдүүдтэй хамт хичээллэснээр аутизмтай хүүхдэд хэл ярианы хувьд маш их ахиц гарч байна. Ингээрэй, тэгээрэй гээд харилцаанд ороод ирэхээр хүүхдүүдийн ярих чадвар нь хүртэл сайжирч байна. Аав, ээжүүдийн хувьд ч гэсэн сэтгэл санааны байдал нь дээрддэг. Өмнө нь хүүхдээ дагуулаад тусгай газар руу ордог байсан бол одоо энгийн сургууль руу ордог болсон” гэв.

“Бид аутизмыг нийгмээрээ эмчилнэ. Түүнээс эмээр эмчилдэг байсан бол аль хэдийнэ эмчилчихсэн байгаа шүү дээ. Тэдэнд чадвар бий. Тиймээс түүнийг нь хэрхэн хөгжүүлэх, нийгэмшүүлэх тал дээр л боловсролын салбар ажиллах хэрэгтэй” гэж хүүхдийн сэтгэцийн эмч Д.Энхтуяа онцолжээ.

Нэгэн үеэ бодвол хүмүүсийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарч, аутизмтай хүүхдүүдийг энгийн хүүхэд адил хүлээж авах болсон нь сайшаалтай. Гэвч нөгөө талдаа тэдгээр хүүхдүүдийг гадуурхах тохиолдол гарсаар байна. 

Тодруулбал, саяхан Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль энэ жил нэгдүгээр ангид элссэн аутизмтай хүүг сургахаас татгалзжээ. Тухайн хүүгийн хувьд хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд Сэтгэц судлалын үндэсний төвөөс “Заавал тусгай сургуульд сургах шаардлагагүй. Энгийн хүүхдүүдтэй хамт сурах боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Хүүгийн хувьд 27 дугаар цэцэрлэгт хоёр жил суралцсан бөгөөд цагаан толгойн бүх үсгээ уншиж чаддаг, англи хэлний 26 үсгийг цээжилсэн, ой тогтоолт сайтай болохыг ээж нь тодорхойлжээ.

АУТИЗМТАЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ



Нэгэн жишээ дурдахад "Би реклам хараад, хүүхдээ ганцаарчилсан сургалттай цэцэрлэгт өгөхөөр шийдсэн. Ингээд багштай нь уулзаад, хүүхдийнхээ онцлогийг тайлбарлаж өгөхөд "Зүгээр дээ. Та төлбөрөө төлөөд, маргааш аваад ирээрэй" гэсэн. Хүү бид хоёр бөөн баяр болоод, дэлгүүрээр явж унтлагын хувцас, углааш аваад явж байтал араас "Эгч ээ, би буруу ойлгуулсан байна. Таны хүүхдийг авах боломжгүй гэж манай захирал хэллээ. Учир нь бид сургагдсан багш нар биш. Яах гэж ийм хүүхэд авна гэсэн юм бэ гээд захиралдаа баахан загинууллаа" гэж утасдсан. Үүнийг сонсоод хамаг юм толгой дээрээс нураад унах шиг л болсон" гэжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2019 оны А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харъяа дүүргийн сургуульд суралцах боломж нээгдсэн. Гэсэн ч дээрх журмын биелэлт бодит амьдрал дээр хангалтгүй байна. Үүний гол шалтгаан нь аутизмтай хүүхэдтэй ажиллах багш нарын хомсдол юм. 

Барууны орнуудад дэмжигч багш буюу туслах багш нар хүүхдэд ганцаарчилсан сургалт хэрэгтэй үед дэмжлэгийн өрөөнд хамт хичээллэдэг байна. Анхаарал шаардсан, багшийн тус хэрэгтэй болсон үед дэмжлэгийн өрөөг ашигладаг аж. Тухайлбал, хичээлийн цагаар багш 30 хүүхдэд зааварчилгаа өглөө гэхэд аутизмтай хүүхэд анхаарахгүй өнгөрөх магадлалтай. Тэр үед дэмжигч багш хичэээлээ ойлгоход нь туслахаас гадна ангийнхантайгаа харьцахад нь туслах гүүр болдог аж. 

Монголдоо л ганц шахуу багшлах боловсон хүчин бэлтгэдэг МУБИС хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барил, ур чадварыг хангалттай зааж байгаа нь нууц биш. Хоёрхон кредит цагт тусгай хэрэгцээт боловсролын хичээлээр сонсгол, харааны бэрхшээл, дауны хам шинж, аутизмын талаар ойлгож суралцахад хэцүү. Энэ талаар сайн суралцаагүй багш ажлын байран дээр гараад "түүхий" байх нь тодорхой. 

УЛСЫН, ЭСВЭЛ ХУВИЙН СУРГУУЛЬД ЯВУУЛЪЯ ГЭХЭЭР ЯЛГАВАРЛАХ БАЙДАЛ ГАРДАГ

Монголын Аутизмын холбооны тэргүүн А.АМАРБУЯН:

-Аутизм олон төрөл. Нийтлэг шинжүүд бол бий. Хүнд хөнгөнөөсөө шалтгаалан сургуульд явах эсэх нь хамаардаг. Яг сууж чаддаг, тодорхой хэмжээнд суралцах чадамжтай нь сургуульд явж байна. Маш хүнд хэлбэрийн аутизмтай, эсвэл багадаа ямар ч тусламж дэмжлэг аваагүй, онош хоцорсон зэрэг шалтгаанаар зарим нь гэртээ үлддэг. Сургуулийн насны аутизмтай хүүхдээс 20 хувь нь л боловсролын үйлчилгээ авч байна. Ихэнх нь тусгай сургуульд сурдаг. 

Цөөн тооны хөнгөн хүүхдээ улсын, эсвэл хувийн сургуульд явуулъя гэхээр ялгаварлах байдал гардаг. Тиймээс эцэг, эхчүүд “Хүүхдээ ингэж зовоож байхаар гэртээ өөрсдөө харъя, эсвэл тусгай сургуульд явуулъя” гэдэг. 

Тусгай сургуулийн сургалт аутизмтай хүүхдэд 100 хувь таарч байгаадаа биш, “Арай илүү ойлгох юм даа” гэдэгтээ л байна. Ядаж багш нар нь боломжгүй зүйл хүүхдээс шаардахгүй. Жишээ нь, энгийн сургуулийн тавдугаар ангийн хүүхдээс тавдугаар ангид эзэмшсэн байх боловсрол шаардаж болно. Харин тусгай сургуулийн тавдугаар ангийн хүүхдийн хүлээж авах чадвар өөр учраас заавал ийм байх ёстой гэж шаарддаггүй. Хүүхдийг хэвэнд цутгахыг шаарддаггүйгээрээ тусгай сургуулийн сургалт ялгардаг. Гурвалжинд гурвалжин, дөрвөлжинд дөрвөлжинг нь хийдэг модон тоглоом байдаг даа. Яг тийм загвараар багш нар “Энэ хүүхэд гурвалжин дотор багтах ёстой” гэж хараад байдаг. Хүүхэд бөөрөнхий байж болно. Гурвалжинд чихэхийн оронд бөөрөнхий хэвийг нь багш гаргаж өгөх ёстой.

МЭРГЭЖЛИЙН ОЙЛГОЛТ АВААГҮЙ БАГШ НАРЫГ БУРУУТГАХ АРГАГҮЙ

Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын дарга, хүүхдийн хөгжлийн зөвлөх С.БАТХИШИГ:

-Бүх хүүхэд өөртөө тохирсон боловсролын үйлчилгээ авах эрхтэй. Өөртөө тохирсон гэдэг нь тухайн хүүхдийн одоо байгаа хөгжлийн бодит байдал дээр үндэслэн цаашид ямар чадварыг нь хөгжүүлбэл энэ хүүхдэд ирээдүйд бие даан амьдрах боломж бүрдэх вэ гэдгийг үнэлж чаддаг, тэрэнд нь тохируулан боловсролын агуулгаа гаргаж чаддаг газарт хүүхэд суралцахыг өөртөө тохирсон боловсрол авах эрх гэдэг.

Энэ нь тусгай хэрэгцээт боловсролын үзэл санааны нэг л дээ. Тухайлбал, эцэг эх гэрийнхээ хажуугийн хамрах тойргийн сургуульдаа хүүхдээ сургамаар байгаа тохиолдолд тухайн сургууль хүүхдэд тохирсон боловсролын үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн.

Хуучин цаг шиг ангийн 40 хүүхдэд нэг хөтөлбөрөөр явж, хоцорсон хүүхдэдээ бүх хичээлээ нөхөх гэж зүдэрдэг ойлголтоор одоогийн хүүхдүүдэд хандаж болохгүйг багш нар, захирлууд сайн ойлгох хэрэгтэй. Яг энэ хуучны ойлголтоор л таны хүүхдийг сургуульд авахгүй гэвэл буруу юм.

Харин ямар арга зүйгээр, ямар хөтөлбөрөөр явбал хүүхэд, эцэг эх, багш нарын аль аль талд зөв сургалтын үйл ажиллагаа болох вэ гэдгийг судлах, олон улсын туршлага нэвтрүүлэх шаардлагатай. Бид олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хангалттай хэрэгжүүлж ирсэн. Орон даяар бүх сургуульд энэ шинэ арга зүй туршлагыг яаралтай нэвтрүүлэх нь бидний өмнө тулгамдсан асуудал болоод байна. Түүнээс биш арга зүй байхгүй, тодорхой мэргэжлийн ойлголт аваагүй багш нарыг буруутгах аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авсан ерөнхий боловсролын сургуулиуд тухайн хүүхдэд зориулсан "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө" гарган ажиллах шаардлагатай. Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ л тохирсон хөтөлбөртэй сургууль сонгох нь зөв болов уу. Хүүхдийг ойлгох л газар бол ЕБС, тусгай сургууль, хүүхдийн хөгжлийн төвүүдийн аль нь ч бай боловсрол авч буй хэлбэр юм.


Холбоотой мэдээ