"АЛТАН ДЭЭР СУУГСДЫН" АРЧААГҮЙ ЗАСАГ
Дэлхий"АЛТАН ДЭЭР СУУГСДЫН" АРЧААГҮЙ ЗАСАГ
01. 11 сая хүн амтай баруун Африкийн Бенин улс дэлхийн хамгийн хоцрогдсон буурай улсын нэг юм.
Тэнд улсын мэдлийн шатахуун түгээгүүрээс 1 литр шатахуун авах гэвэл 5 доллар төлөх шаардлагатай.
Энэ нь 2019 оны байдлаар хүн ам тутамд оногдох үндэсний нийт бүтээгдхүүний хэмжээ 745 доллар байсан ядуу буурай улсын хувьд байж боломгүй өндөр үнэ юм.
02. Гэвч гудамжинд 92 бензинийг сав суулга, шилэн лонхонд хийж зардаг наймаачдаас нэг литрийг ердөө 50-55 центээр худалдан авч болдог гэнэ.
10 дахин хямдаар шүү.
03. Яахаараа ийм үнийн зөрүү ихтэй байдаг билээ гэж та бүхэн гайхаж байгаа биз дээ?
Тэгвэл хувиараа газрын тос нэрж зөөвөрлөн жижиглэнгээр худалдаалах бүхэл бүтэн сүлжээ тус орны хэмжээнд үүссэнээр дотоодын хэрэгцээгээ хямд түлшээр бүрэн хангахын зэрэгцээ хүн амынхаа 4-ний нэг хувийг ажилтай орлоготой болгох боломжтой болсон аж.
04. Доорхи зурган дээр нэг "Баатарлаг хар арьстан" мотоцикл дээр 350 литр 92 шатахуун тээвэрлэн явж байгааг харж байна уу?
Үнэндээ амь насанд туйлын эрсдэлтэй алхам л даа.
Хууль бусаар нэрж үйлдвэрлэсэн шатахууныг түгээх түгээмэл аргын нэг нь энэ аж.
05. Газрын тосноос бензин нэрнэ гэхээр битгий учиргүй нарийн ширийн тоног төхөөрөмж төсөөлөөрэй дөө.
Үнэндээ тэрхүү далд үйлдвэрлэлийн арга технологийг нэг л харчих юм бол та бид ч гэсэн гараад хашаан дотроо шатахуун нэрж болохоор ажээ.
Гэхдээ мотоциклоор шатахуун тээвэрлэхээс бараг 10 дахин эрсдэлтэй ажиллагаа санагдсан шүү.
06. Торхтой газрын тосны дор мод түлээ овоолж шатаагаад халааж хайлуулдаг бололтой юм.
Тэгээд шатамхай хий ялгараад ирэх үед торхныхоо дээрээс хүйтэн ус асгаж шингэн төлөвт хувиргана.
Хөрсөнийх нь дараа дөхөн очоод шуугисан чимээ гарахгүй бол болгоомжтой резин хоолой шургуулаад ялгарсан шатахууныг юүлэн авдаг ажээ.
07. Африкийн балар шугуйд явагдаж байгаа энэхүү бүдүүлэг аргаар 2 литр газрын тосноос нэг литр 92 шатахуун үйлдвэрлэн гаргах боломжтой гэнэ.
Өө бас болоогүй.
Ийм хууль бус шатахуун нэрдэг үйлдвэрлэгч нар түүхий эдээ хэрхин олзворлох бол гэдэг том асуудал байж таарна.
08. Тэгвэл тун амархан буюу ердөө хөрш зэргэлдээ Нигери улсын хилийг өтгөн зэгстэй гол мөрнөөр дамжин завиар нэвтрээд тэндэхийн газрын тос дамжуулах хоолойноос хулгайлах аргаар шийдчихдэг аж.
Нэг явалтаар сайндаа 1 тонн газрын тос хулгайлаад буцаан тээвэрлэх боломжтой байдаг гэнэ лээ.
09. Би энэ бичлэгээрээ дамжуулан бүдүүлэг аргаар газрын тосыг хууль бусаар нэрж болох юм байна гэдэг асуудлыг хөндөөгүй юм шүү.
Гол нь туйлын хоцрогдсон бүдүүлэг, хөгжлөөр дорой Баруун Африкийн Бенин улсын иргэд ийнхүү амиа аргацааж болоод байхад тэднээс хавьгүй давуу боломжтой Монгол улс маань өдий болтол түлш шатахууныхаа асуудлыг нааштай шийдэж яагаад болдоггүй билээ гэдэгт л олон түмний анхаарлыг хандуулах гэсэн хэрэг.
10. Эрчим хүчний сайд асан Жигжид гуай өрнөдийн хөгжингүй улс орнуудад хоногтоо 20 тонн сайн чанарын шатахуун нэрэх бага оврын төхөөрөмж байдаг тухай зураг хөрөгтэй нь нийтлэсэн байна лээ.
Хэрвээ аймаг болгонд тийм жижиг оврын төхөөрөмжүүдийг байрлуулчихвал газрын тосоор харьцангуй баялаг манай улсын хувьд дотоодын хэрэгцээгээ өлхөн хангачих боломжтой биш үү?
11. Уг нь манай улсад асар их боломж байгаа юм. Даанч ард түмэн маань хамгийн хөлдүүс толгойтой нөхдийг уухайлан дээш гаргаж тавьчихаад байгааг яалтай ч билээ.
Монгол хүний гэгээн ухаанд би итгдэг.