Оросыг гуйж, Хятадыг царайчилсан Монгол
НийгэмХэрэглээ бүхнээс гаднаас зөөдөг орны зовлон үргэлжилж байна. Коронавирусийн халдвараас шалтгаалан урд, хойд хөршүүд хилээ хаахад Монголын амьдрал таг зогсч болохыг бид харж байна.
Хятадууд хилээ хаахад бидний өргөн хэрэглээний бараа, хүнс тасарч, оросууд гэдийхэд манайхан зам дээрээ машинаа түрж байна.
Энэ бол өөрсдийн хэрэглээг хангах хангалттай хэмжээний баялагтай ч тэрийгээ боловсруулж, ашиглаж чаддаггүй Монголын зовлон. Арчаагүйдээ ийм зовлонтой нүүр тулж байгаа нь энэ.
Яг одоогийн нөхцөл байдлыг харвал Орос нүүр буруулж, Хятад гэдийж, дунд нь Монгол бөхийж байна.
Оросууд манайд шатахуун нийлүүлэхгүй гэдгээ эртнээс мэдэгдсэн. Үүнийг манай засаг төрийнхөн мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймдээ ч Хятадын Чайна Ойл компанитай гэрээ хийж, мөнгөө ч шилжүүлсэн. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр гэнэт ирсэн мэдээ мэт ярьж, хариуцлагаас зугтаж байна
Орос гэрээний үүрэгтэй, сар бүр 28 мянган тонн шатахуун нийлүүлэх ёстой гэнэ. Манай засаг төрийнхөн энэ гэрээний үүрэгт итгэж найдан, ядаж үлдэгдлээ өгөх байлгүй хэмээн хүлээсэн ч хамраараа газар хатгалаа. Оросууд Монголыг хүссэн цагтаа хясан боогдуулж, ямар нэг зүйлээр барьцаалж, шахалт үзүүлдгийн бас нэгэн жишээ энэ. Магадгүй шатахууны шахалтын ард бас нэгэн асуудал нуугдаж буй биз. Яг үүнтэй давхцаад баруун аймгуудын цахилгааныг хязгаарласан мэдээ ч бий. Учиргүй асуудал гэж юусан билээ.
Оросууд нэгэнт нүүр буруулсан учраас бидэнд Хятадыг гуйх шаардлага тулгарав. Манай улсын импортлогч таван аж ахуйн нэгж Хятадын Чайна Ойл компанитай гэрээ хийж, 1037 вагон шатахууны мөнгийг шилжүүлж, ачаа ирэхийг хүлээж байв. Гэтэл Хятад мөн л гэдийлээ. Урд хөрш төмөр замын ачаа тээврийн ачаалал их байгаа учраас Монгол руу шатахуун тээвэрлэх вагон гаргаж чадахгүй хэмээн гүрийж. Манайхан мэдээж гуйсан. Монголд суугаа Элчин сайдаас нь эхлээд холбогдох албан тушаалтнуудыг нь царайчилж, төмөр зам дээр вагон тавьж өгөөч гэж гуйж, хятадууд тоймтой хариу өгөөгүй нь Г.Ёндон сайдын үгнээс тодорхой харагдана. Тэрбээр 5-7 хоногийн дараа эхний ачаа ирж магадгүй хэмээн таамаглаж байна.
Мэдээж, Монголын амьдрал үргэлжилнэ. Очерлодог нь очерлож, машинаа түрдэг нь түрж, зогсоох нь зогсоож, монголчууд аргаа олоод амьдарна. Шатахуунгүй машинаа зогсоож эсвэл ШТС-ын гадна очерлож дугаарласандаа уурлаж бухимдаад байгаа юм биш.
Бүхэл бүтэн улс хөрш орнуудаас хэтэрхий хараат байдалд, тэдний хурууны аясаар амьдарч буйд иргэд бухимдаж байна. Газрын тосны баялагтай ч өнөөдрийг хүртэл боловсруулах үйлдвэргүй байгаад иргэд гутарч байна. Орос найтаахад Монгол хатгаа тусан хэвтэрт орж байгаад гомдож байна. Хэдийг хүртэл ийм гуйлгачин царайтай, гутранги амьдрах вэ?!
ТБД андуудад байрлах Сод Монгол ШТС-д очерлосон машины цуваа 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл үргэлжилжээ. ШТС-ын хоёр талаар үргэлжилсэн очер замын нэгдүгээр эгнээг бүхэлд нь эзэлж, нийтийн тээврийн автобус тойрч гарах, бусад машин зам тавьж өгөх гээд багагүй асуудал үүсч байна. Ажил, амьдрал, эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан нийслэлчүүд одоо шатахуун гэсэн бас нэг бэрхшээлтэй тулгарсан нь энэ.
Монголчууд хэдийг хүртэл Оросыг гуйж, Хятадыг царайчлан амьдрах вэ?!