АНУ-ын эрх баригчид Хуавэй компанийн захирлыг суллаж, Хятад руу буцахыг нь зөвшөөрлөө

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-25 03:41:32

Баасан гарагт АНУ-ын прокурорууд Хятадын Huawei Technologies Co компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоутай тохиролцсоны үндсэн дээр түүнийг Канадаас шилжүүлж авах хүсэлтээ цуцалжээ.

Ингэснээр Хятад, Канад, АНУ гурван улсын дунд гурван жил орчим хугацаанд үргэлжилсэн маргаан өндөрлөж байна.

Олон улсын хоригийг зөрчиж, Иран улсад тоног төхөөрөмж нийлүүлсэн хэргээр Мэн Ванжоуг 2018 оны арванхоёрдугаар сард Ванкуверт ирэхэд нь АНУ-ын захиалгаар Канадын хуулийнхан баривчилж, саатуулсан юм.

Өнгөрсөн хугацаанд тэр Ванкувер дэх хувийн байрандаа хоригдож, АНУ руу шилжүүлж өгөх Канадын шийдвэрийг эсэргүүцэн шүүхдэлцэж байжээ.

Ирантай гэрээ байгуулахдаа Skycom нэртэй компанийг ашиглаж, HBSC банкыг хуурсан хэмээн Мэн Ванжоуг буруутгаж байв. Өөрөөр хэлбэл тэр Huawei болон Skycom компаниудыг хоорондоо хамааралгүй гэсэн худал мэдүүлгийг HSBC банканд өгсөн юм байна.

Тохиролцоо ёсоор Мэн өөрийгөө олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагыг хууль зөрчих эрсдэлд оруулснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Хариуд нь АНУ-ын прокурорууд 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл түүнд ял тулгахаа хойшлуулах юм.

Энэ хугацаанд Мэн тохиролцсон нөхцлийн дагуу шүүхэд гомдол гаргаснаар хэргийг хаах юм байна.

Мэн Ванжоу өнөөдөр буюу Бямба гарагт эх орон руугаа буцахаар болсныг түүний өмгөөлөгч мэдээлжээ.

Мэн Ванжоуг баривчилснаас хойш удалгүй Хятадын эрх баригчид Канадын хоёр бизнесмэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилж байв. Шүүмжлэгчид үүнийг нь Канадын эсрэг авсан хариу арга хэмжээ гэж үздэг ч Хятадын тал үгүйсгэдэг.

Хуавэй компанийн захирлыг сулласнаар Канадын иргэдийг бас суллах боломж нээгдэж байж болзошгүй юм.

Мэн Ванжоу бол Хуавэй компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэн Жэнфэйн ууган охин. 1987 онд байгуулагдсан Хуавэй одоо дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болоод байгаа.

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Хуавэйг Хятадын эрх баригчдад тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын ажиллагаа явуулах боломж олгодог хэмээн буруутгадаг. 2019 онд АНУ-ын засаг захиргаа Хуавэй компанийн эсрэг худалдааны хориг зарлаж, гол технологиудаа нийлүүлэхийг хориглосон юм. АНУ-ын уриалгын дагуу Их Британи, Швед, Австрали, Япон зэрэг улсууд бас Хуавэйн бүтээгдэхүүнийг харилцаа холбооны дэд бүтэцдээ ашиглахыг хориглоод байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ