Үдийн хоолны үнэн төрх

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-25 22:38:54

Өл зогоосон үдийн хоолны өртөг нь нэмэгдсэн ч бахь байдгаараа. Хар цай, хатсан боорцог аяга шөлөөр л солигджээ. “Би лав цадсангүй”, “Хоол нэмж идмээр байна”, “Хоолоо нэмүүлмээр байдаг ч дахиж өгдөггүй” гэж хүүхдүүд гомдоллох ч багшийнхаа дэргэд хэлсэнгүй. Гэвч царайнаас нь харахад цаанаа гонсгор, цадаагүй нь илт. Баянхошуунд байрлах Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 105 дугаар бүрэн дунд сургуулийн дөрөвдүгээр ангийнхан үдийн хоолондоо орж байгаа нь энэ.

13:30 цаг: Өнөөдрийн /2021.09.22/ хоол бантан, чацарганы шүүс байлаа. Хүүхдүүд дор бүрнээ хоолоо чимээгүй иднэ. Дахиж нэмүүлье гэж хэлэх хүүхэд алга. Бусдаасаа түрүүнд идэж дуусчихаад томоотой суух зарим хүүхэд хоолондоо цадаагүй шинжтэй. “Хоол амттай байсан ч цаддаггүй. Дахиж идмээр санагддаг. Гэхдээ нэмж өгдөггүй юм” гэж Н.Ариунбаяр  хүү гомдонгуй хэллээ.

Түүний дуртай хоол нь будаатай хуурга. Үдийн хоолонд хааяа иддэг гэнэ. Сурагч Н.Буянтөгс  “Бантан амтгүй байна. Шөл биш гоймонтой хуурга, цуйван идэхийг хүсдэг. Гэхдээ сургуулийн хоолонд байдаггүй” гэв.  Мөн сургуулийн коридороор тавгаа долоож явсан хүү багшдаа загнуулсаар ангидаа орлоо.


Хүүхдүүд дор бүрнээ өөрсдийн аяга, халбага, сэрээтэй. Цар тахлын үед хичээллэж буй багачууд анги, ангидаа ийнхүү хооллох болжээ. Сургуулийн гал тогооноос савтай хоолыг ангийн үүдэнд орхиж, багш нь хүүхдүүддээ аягалж өгдөг болсноор жижиг зүйлсийг ч анхаардаг болжээ. Наад зах нь хоол халуун байх, хоолны порцыг нэмэгдүүлэхийг багш нар хоол үйлдвэрлэгчдээс шаарддаг болсон байна. Өглөөний цайгаа ууж амжаагүй хүүхдүүд байдаг тул үдийн хоол порц сайтай, амттай байх ёстойг багш нар хэлэв.

Тус сургуулийн бага ангийн багш “Хүүхэд бүрийн амьдарч буй орчин харилцан адилгүй. Амьдралын боломж тааруу, хүндхэн нөхцөлд амьдардаг хүүхдүүд маань өлссөн, ядарсан байгаагаа хэлдэггүй ч багш нь хараад мэдэрдэг. Зургаан настнууд “Багш аа, хэзээ хоол өгөх вэ” гээд шууд асууна, нүдээрээ хоол хайсаар ангидаа орж ирдэг. Тиймээс үдийн хоол чанартай байх ёстой, улсаас илүү мөнгө төсөвлөж анхаарах хэрэгтэй. Үдийн хоол бага ангийнханд маш чухал. Шим тэжээлтэй хоол идсэн хүүхэд ядахдаа өлсөхгүй, хичээлээ тайван хийнэ” гэж ярихдаа нулимс нь цийлэгнэж байлаа.

Шөлтэй хоол, будаатай хуурга, пирошки, салат, жимсний шүүс зэргийг Үдийн хоолонд өгнө гэж сайд, дарга нар ярьдаг. Гэвч бодит байдал тэдний ярьдгаас шал өөр, 1500 төгрөгөнд ийм хоол өгөх боломжгүй аж.


Учир нь, түрээсийн зардал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд олон шалтгаантай болохыг ЕБС-ийн 105 дугаар сургуулийн гал тогоо хариуцсан  үйлдвэрлэгч Л.Оюунуяа хэлсэн. Тэрбээр “Үдийн хоолны нэг хүүхдийн санхүүжилт 1500 төгрөг болсон ч  бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд ийм мөнгөөр порц ихтэй хоол өгөх хүндрэлтэй байна.  Үдийн хоолонд заавал гурван төрлийн хоол өгөхийг шаарддаг. Бид хувийн сургуулийнхан шиг хоол өгөх боломжгүй. Эрх баригчид хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Бодит амьдрал дээр нэг хүүхдийн сэт хоол 1500 төгрөг болохгүй. Өнөөдөр гадуур мантуун бууз, хуушуурын ширхгийн үнэ 1500 төгрөг болж, тавагтай хоол 8000 болсон шүү дээ” гэлээ.

ҮДИЙН ХООЛНЫ 1500 ТӨГРӨГ ХҮҮХДЭД БҮТЭН ОЧДОГГҮЙ

12:30 цаг: Хотын А бүсэд байрлах Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хоёрдугаар ангийнхны үдийн хоолны цаг болжээ. Ангийн үүдэнд хоолыг нь үлдээсэн байна. Хичээл завсарлаж, хүүхдүүд хооллохоор аяга, сэрээгээ бэлдэнэ. Охидууд нь ягаан аягатай, хөвгүүд нь цэнхэр аягатай байх нь нийтлэг аж.

Хичээл нь завсарласан хоёрдугаар ангийнхан хоолондоо дуртай. Бүгд амттай байгааг хэлэв. Харин ширээний ард аягатай хоолоо голж урвайн суух хүү хоолондоо цадаагүй бололтой. Түүнийг Б.Тэнүүн гэдэг “Хоол амтггүй,  би өлсөөд байна. Хоолноосоо төмсийг нь идсэн. Лууван, байцааг идэж чадахгүй. Гэртээ ч иддэггүй. Ээж минь дуртай хоолыг минь хийж өгдөг. Би шарсан өндөг, шпагетти, гоймонтой хуурганд дуртай” гэлээ. Өнөөдрийн /2021.09.22/хоол ногоотой шөл, мантуу, бор цай байлаа.


Тус сургуулийн хоол үйлдвэрлэгч, хоол зүйч  Д.Бат-Оршихын хэлснээр мөн л 1500 төгрөг хүүхдийн хоолонд  100 хувь шингэдэг бол үдийн хоол илүү баялаг болох байжээ. Хэдийгээр хүүхдийн хоолны зардал дутдаг ч хоол үйлдвэрлэгчид сэтгэл гаргаж, хандлагаа өөрчлөхийг тэр уриалсан юм. Тэрбээр “Зурган дээрх шиг хоол бол 6500 төгрөгийн өртгөөр бүтсэн. Гэтэл бид 1500 төгрөгөөр сэт хоол гаргах боломжгүй. Нуулгүй хэлэхэд бид ажилчдын цалин, түрээс, бараа бүтээгдэхүүн зэрэг урсгал зардлаа тооцвол нэг хүүхдэд 100 хувь 1500 төгрөг хүрч чадахгүй. Гэсэн ч хоол үйлдвэрлэгчид сэтгэлтэй байх ёстой. Хүүхдийн хоол амт чанартай, илчлэг байх нь чухал. Бид аль болох хүүхдүүддээ амттай хоол өгөхийг хичээдэг. Хэдий төсөв хүрэхгүй хүндрэлтэй асуудал олон ч хүүхэд хооллох нь буян. Тиймээс бусад аж ахуйн нэгжүүд ч бас сэтгэлтэй байгаач ээ” гэлээ.  Цааш нь үргэлжлүүлэн энэ долоо хоногийн менюг танилцуулахдаа бага ангийнхан хоолондоо хангалттай цадна гэж онцлов. Тус сургуулийн үдийн хоол Даваа гаригт цагаан хоол, Мягмар гаригт тефтель, чацарганын шүүс, Лхагва гаригт ногоотой шөл, мантуу, Пүрэв гаригт цуйван нэрсний шүүс, талх, Баасан гаригт хулууны зутан талх байгаа аж.


Хотын төв болон захын хорооллын ерөнхий боловсролын хоёр дунд сургуулиар ороход л хоолны чанар нь хол зөрүүтэй болохыг энд дурдъя. Ямар ч байсан 1500 санхүүжилтээр амттай, порц ахиутай хоол гаргах боломжгүй, нөгөө талаар Үдийн хоол бэлтгэж буй компаниудын сэтгэл бас чухал болох нь харагдаж байна.



Холбоотой мэдээ