9-р сарын 26 НҮБ-аас зарласан дэлхий даяараа цөмийн зэвсгээс бүрэн ангижрах өдөр.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-25 23:00:06

9-р сарын 26 НҮБ-аас зарласан дэлхий даяараа цөмийн зэвсгээс бүрэн  ангижрах өдөр. 

ЦӨМИЙН ЗЭВСЭГ бол гэрлийн цацраг, цохих долгион, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг хөнөөх хүчин зүйл нь цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн хамгийн харгис аюултай үй олноор хөнөөх зэвсэг. 

 Одоогоор цөмийн зэвсэгтэй улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн Орос Америк Хятад Англи Францаас гадна, Энэтхэг Пакистан Израиль Хойд Солонгос багтдаг бөгөөд цөмийн зэвсгийн 80 хувь нь Орос, Америк хоёрт ноогдож байна.

Цөмийн зэвсгээс дэлхий даяараа бүрэн ангижрах хууль эрх зүйн үндэс бол 2017 онд НҮБ-ын гишүүн 122 улсаар дэмжигдэн батлагдсан Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээ юм. 

Уг гэрээг одоогоор цөмийн зэвсэгтэй дээрх 9 улс, НАТО-гийн холбооны ихэнх улсууд, Япон зэрэг цөмийн өндөр технологитэй орнууд дэмжихгүй байгаа тул хараахан хүчин төгөлдөр бус, зөвшилцөл үргэлжилж байна. 

Дашрамд дурдахад уг Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээг анх санаачлаж НҮБ-д зүтгүүлж батлуулсан  Цөмийн Зэвсгийг Устгах Олон Улсын Хөдөлгөөн (ICAN-International Campaign to Abolish Nuclear Weapons) гэдэг байгууллагыг мөн жил буюу 2017 оны Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм.

Монголчууд бид хоёр хөршийнхөө цэрэг-улстөрийн байдал, түүний дотор цөмийн зэвсгийнх нь талаар тодорхой хэмжээний ойлголттой байх нь зүйтэй  болов уу гэх үүднээс хятадын цөмийн зэвсэг болон оросын сүүлийн үеийн супер цөмийн зэвсгүүдийн талаархи ерөнхий ойлголтыг та бүхэндээ доорхи байдлаар хүргэж байна.

Хятадын цөмийн пуужингууд ДФ буюу дорнын салхи гэсэн нэртэй ДФ3-аас эхлээд ДФ41 хүртэл сайжруулсан цөмийн зэвсгүүд байдаг. DF3А дунд тусгалаас арай хол харвадаг пуужин. Шингэн түлштэй. 1971 оноос зэвсэглэлд орсон, одоо жагсаалаас гарч байгаа. Пуужингийн тусгал 3000 км. 50-100 килотонн цөмийн цэнэгт хошуутай. Цэц 2000м.

DF4 нэг цөмийн хошуутай, АНУ-ын Гуам арал, ОХУ-ын Дорнод хэсэгт цохилт өгөхөөр зориулагдсан хүйтэн дайны үеийн тив алгасах пуужин. 2 шатлалтай шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй, 1975 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 82 тонн, 28м урт, 2.25м голчтой. Цэц 1500м. Харвахын тулд DF4 эхлээд газар доороос гадаргуу дээрээ заавал гарах шаардлагатай байдаг. Пуужингийн тусгал 5500 км. 1000-3000 килотоннын халуун цөмийн цэнэгт хошуутай.

DF5 тив алгасагч пуужин, 2 шатлалттай хөдөлгүүртэй, исэлдүүлэгч N204, диметилгидразин UDMH хэмээх бага хэмийн шингэн түлшээр ажилладаг, 1981 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 183 тонн, 32.6м урт, 3.35м голчтой. DF5 өөрийн тактик техникийн үзүүлэлтээрээ Америкийн Титан2, Оросын SS18 хоёрын хоорондох завсрын пуужин. DF5-ыг харвахдаа өмнөх DF4 шиг эхлээд газрын гадаргуу дээр гаргах шаардлагагүй, газар доороос өөрөө шууд хөөрөх чадвартай. Пуужингийн тусгал 7000-15000 км ба тэрээр Ази тив, Хойд америк, Европ, ОХУ дахь байг сөнөөж чадна. Цэц 800м.  DF5-ын иргэний хувилбар буюу ЛонгМарч2 хэмээх пуужин нь 1975 оноос эхлэн өнөөг хүртэл хятадын хүнд хиймэл дагуулуудыг сансарт хөөргөхөд ашиглагдсаар байгаа. DF5-ыг нэмэн тоноглосон, задардаг толгойтой, алсын удирдлагатай 3-8 цөмийн цэнэгт хошуутай DF5В, 10 цөмийн цэнэгт хошуутай DF5C зэрэг төрлүүд бий.

DН10 ба DН10А- нь газрын дайралтын зенитийн харвах суурь/ЗПУ/-наас харвадаг далавчит пуужин. Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал 1500-3000км. 1090кг, 6.3м урт, 0.514м голчтой. 500кг ердийн зэвсэг болон  цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай. Цэц 10м.

DF11А ойрын зайн пуужин. Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал 300км. 1990 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 4.2 тонн, 8.5м урт, 0.8м голчтой. Нэг  цөмийн цэнэгт хошуутай. Цэц 20м.

DF15 ойрын зайн пуужин. Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал ба төрөл нь өөр өөр бөгөөд DF15 нь 600 км,  DF15A нь 900 км,  DF15B нь 800 км,  DF15C нь 700 км харвадаг зэргээр 4 янзын DF15 бий. 1990 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 6.2 тонн, 9.1м урт, 1м голчтой. 50-300 килотонн цөмийн цэнэгт хошуутай. Цэц 10м.

DF17 бол хатуу түлштэй хоёр шатлалт хөдөлгүүртэй хятадын хамгийн сүүлийн үеийн дуунаас хурдан  буюу цагт 6000 км хурдалдаг пуужин дөнгөж жилийн өмнө 2019 онд зэвсэглэлд оруулж 70 жилийн ойгоороо олон нийтэд харуулсан. Дундаж тусгал 1500 км,  15 тонн жинтэй, 11м урттай, хөдөлгөөнт зөөвөрлөгчөөс харвадаг. 

DF21 хатуу түлшт 2 шатлалттай хөдөлгүүртэй, дунд тусгалын пуужин. Зориулалтаасаа хамаараад  DF21,  DF21А, DF21В, DF21С, DF21Д гээд янз бүр бий.  Энэ бол DF21 (CSS-6)  хэмээх дунд тусгалын пуужин юм.  DF31, DF21 пуужингууд нь техникийн бүтцийн хувьд яг адилхан ахан дүүсүүд. 1991 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. DF21 нь харвагч суурьтай хөдөлгөөнт хуягт машинуудад дээр тавигдсан пуужин. 14.7 тонн, 10.7 м урт, 1.4м голчтой. Пуужингийн тусгал 1750 км, 200,300,500 килотоннын цөмийн цэнэгт хошуутай. Цэц 10-700м.

DF31 тив алгасах пуужин. Холын зайн тусгалаас хамаараад DF31-нь DF31, DF31А,  DF31В гэж гурван янз бий. DF4-ийг бүрэн шинэчлэн солихын тулд DF31-ийг бүтээсэн.  DF31 хятадын анхны 3 шатлалттай, хатуу түлшт, зөөврийн хөдөлгөөнт газраас далайгаас харвадаг тив алгасагч пуужин юм. 42 тонн, 13м урт, 2.25 м голчтой. Пуужингийн тусгал 11200 км. 20, 90,150 килотоноос 1 мегатоннын халуун цөмийн цэнэгт хошуутай. Цэц 150м.

DF41 бол дөнгөж 2017 оноос зэвсэглэлд орж байгаа хятадын хамгийн сүүлийн үеийн тив алсгалах 3 шатлалт хатуу түлшт цөмийн пуужин. 180 тонн, 21м урт, 2.25м голчтой. 20, 90, 100 килотоннын 10-12 цөмийн цэнэгт хошуутай. Газар доороос болон хөдөлгөөнт сууриас харвадаг. Тусгал 15000 км. Цэц 300м. 

JL1 бол Сиа ангиллын шумбагч завинаас харвах анхны пуужин. Хатуу түлштэй. Тусгал 1700-2500км. 1980 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 14.7 тонн, 10.7 м урт, 1.4 м голчтой. 250-500 килотонн цөмийн цэнэгт хошуутай. 

JL2 шумбагч завинаас харвах пуужин бол JL1-ийг сольж байгаа DF31-ийн загвар юм. 3 шатлалт хатуу түлштэй. Тусгал 8000км. 2015 оноос дөнгөж зэвсэглэлд ороод байгаа. 42 тонн, 13 м урт. 20,90,150 килотоннын 3-4 цөмийн цэнэгт хошуутай. 

Оросын ерөнхийлөгч Путины гурван жилийн өмнө танилцуулсан тавдахь үеийн тив алсгалах цөмийн пуужин Сармат буюу Сатан-2 бол хоёрзуун тоннын жинтэй, 35 метр урт, секундэд 7 км хурдтай, алсын тусгал 18000 км, шингэн түлштэй олон шатлалт хөдөлгүүртэй, 10-15 цөмийн цэнэгт байлдааны хошуутай, мөн Авангард пуужингийн системийн удирдлагатай гурван байлдааны блокыг сансарт тээх чадалтай.

Орчин үеийн америкийн пуужингээс хамгаалах системийг нэвтрэн орох найдваргүй шахуу болсон Зөвлөлтийн үеийн моралийн элэгдэлд орсон Сатан-1 буюу РС36 пуужинг зайлшгүй солих шаардлага, тэдгээрийн зарим эд ангийг Украин зэрэг хуучин ЗХУ-ын зарим улсуудад үйлдвэрлэж байсан зэргээс шалтгаалан энэ жилээс Сармат\Сатан-2 буюу РС28-оор тэдгээрийг солиж 2025 онд гэхэд бүрэн шинэчлэх төлөвтэй байна.

Сармат нь хурдаар төдийгүй  өндөр маневраар хойд өмнөд туйлаар дамжин  Америкийн агаараас хамгаалагдаагүй хэсгээр нь нэвтрэн орж цөмийн цохилт өгөх зориулалттай. Оросын пуужингууд хилээсээ 1000 км дотогш нутгийн гүнд газар дор уурхайд байрлаж харвах цөмийн суурин концепитэй байдаг бол америкууд стратегийн бөмбөгдөгч дээр төвлөрсөн нүүдлийн цөмийн концепитэй улс бөгөөд 2025 он гэхэд америкууд бөмбөгдөгч В2-оо  халж 100 гаруй В3 буюу В21 стратегийн бөмбөгдөгчтэй болохоор төлөвлөж байна.

Путины танилцуулсан хоёр дахь супер зэвсэг бол тийрэлтэт онгоц Миг-31 дээр суурилагдан байндаа дөхөж очоод 2000 км зайнаас онгоцноос харвагдах Кинжал нэрт цөмийн далавчит пуужин бөгөөд Оросын арми Өмнөдийн цэргийн тойргийнхоо зэвсэглэлд оруулж эхлээд байна.

Путины танилцуулсан гурав дахь супер зэвсэг бол усан доогуур явагч цөмийн торпед бөгөөд атомын шумбагч завин дээр суурилагдан байндаа дөхөж очоод усан доогуур харвагддаг, алсаас бус өөрийн гэсэн удирдлагатай, хурд болон алсын зайгаа нэмэгдүүлэх зорилгоор өөрийн гэсэн жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй тул хязгааргүй орон зайд аялаж америкийн онгоц тээвэрлэгч, эргийн хотуудад цохилт өгөх үндсэн үүрэгтэй. Байндаа дөхөж очоод ч дэлбэрэхэд тэр хавийг нэлэнхүйд нь устгах чадалтай.

Путины танилцуулсан дөрөвдахь супер зэвсэг бол дуунаас хорь дахин хурдтай, сансар огторгуйд гараад дайсны орой дээрээс сансраас яах ийхийн зуургүй цохилт өгөх Авангард хэмээх тив хоорондын удирдлагат пуужингийн блок бөгөөд Сарматыг сансарт ашиглах нэг хувилбар нь юм.

Путины танилцуулсан тавдахь супер зэвсэг бол Лазерийн зэвсэг бөгөөд энэ нь ихэвчлэн агаарын довтолгооны хэрэгслэл, хиймэл дагуулыг устгах, радио-электрон тэмцэлд хэрэглэдэг бөгөөд Оросод дөнгөж эхлэл төдий бол Америкийн зэвсэглэлд 2014 оноос орсон.

Путины танилцуулсан зургаа дахь супер зэвсэг нь хязгааргүй орон зайд аялах жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй цөмийн зэвсэгтэй далавчит пуужин бөгөөд энэ нь дайсны агаарын довтолгооноос хамгаалах системд баригдалгүй газрын гадаргуу хөндий уулын ам хавцлаар радарт харагдалгүй өндөр маневр хурдтайгаар туулан дэлхийн аль ч газар орон зайд цөмийн цохилт өгөх чадалтай. Иймэрхүү агаарт болон усан доогуур явагч цөмийн хөдөлгүүрт пуужингийн технологиор Америк Оросоос арван жилээр хоцорч байх магадлалтай. 

ДОКТОР ХУРАНДАА  ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Холбоотой мэдээ