Ерөнхийлөгчийн санаачилгыг элэглэх биш дэмжих ёстой бус уу

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-28 00:04:18

Дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд НҮБ-ын индрээс тогтвортой хөгжлөө тунхаглалаа. Тэд улс орныхоо өнөөдрийн хөгжлөөр ирээдүйн иргэдийнхээ амьдрах боломжийг боомилохгүй гэдгээ хэлж байна. Товчхондоо НҮБ-аас тунхагласан, дэлхийн улс орнуудын 2030 он хүртэл баримтлах Тогтвортой хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэх санал санаачилгаа дэвшүүллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч бусдаас хоцорсонгүй. Тэр Тогтвортой хөгжлийн 17 зорилгын таван зорилгыг нэгэн зэрэг биелүүлэх амлалтыг НҮБ-ын индрээс тунхаглав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс 2030 он гэхэд 1 тэрбум мод тарих зорилготой байгаагаа дэлхий нийтэд дуулгав.

Төрийн тэргүүний үг зөвхөн Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах санаа биш. Энэ үг Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд бодит хувь нэмрээ оруулна гэдгийг дэлхий нийтэд дуулгасан том үүрэг хариуцлага.

Монгол Улсын тэргүүн НҮБ-ын хуралд оролцсон ор нэр зүүх бус дэлхийн чихэнд дуулдах хэмжээний санал санаачилгатай байх нь чухал. Товчхондоо Монгол гэх улс дэлхийн нэг бөөрөнд байдаг гэдгийг НҮБ-ын индрээс сануулсан хэрэг.

Дэлхийн улс орнууд НҮБ-аас тунхагласан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг хэрэгжүүлэх том амлалттай. Улс орнуудын өнөөдрийн хөгжил ирээдүйн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний тогтвортой, баталгаатай байх ёстой гэсэн үг. Тогтвортой хөгжлийн зорилгын үүднээс харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үг хамгийн чухал санаачилга, бодит амлалт. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь аль хэдийнэ цөлжиж, элсэн нүүдэл хөмөрч байгаа. Тэгэхээр бид ирээдүйдээ элсээр шуурсан нүцгэн уул тал үлдээх үү эсвэл ой модоор бүрхэгдсэн экологийн тэнцвэртэй улсыг өвлүүлэх үү? Энэ бол төрийн тэргүүний дэлхий нийтэд тунхаглаж, биднээс асуусан асуулт. Харин бид энэ санаачилгыг элэглэх бус дэмжих ёстой.

 2030 он гэхэд 1 тэрбум мод тарьж чадахгүй байлаа ч энэ цаг үеэс эхлэн иргэн бүхэн, айл өрх мод тарьж ургуулвал Монгол орноо цөлжилтөөс хамгаална. Цаашлаад бүс нутгийн хэмжээний цөлжилт, шар шороон шуургаас сэргийлэх том ажил болох нь мэдээж. Энэ бол төрийн тэргүүний санаачилгыг гол ач холбогдол нь.

Зөвхөн нэг улсын бус бүс нутгийн хэмжээний байгаль экологийн том санаачилгыг бид төдийгүй хөрш орнууд дэмжих нь дамжиггүй биз. Тэгвэл бид юу хийж чадах вэ?

Хашаандаа мод тарьсан иргэдийг дэмжье

Улаанбаатар төдийгүй аймаг, сумын гэр хорооллын айл өрх бүр хашаандаа мод тарья. Хашаандаа мод тарьж, ургуулсан иргэдэд төр засгаас бодит дэмжлэг үзүүлье. Энэ жил модоо ургуулсан бол дараагийн жил хүнсний ногооны үр, жимсний бут өгье. Хашаандаа сайхан амьдрах санал санаачилга ийн өргөжин тэлснээр гэр хороолол гэдэг шороо бужигнаж, хүн дайсан газар бус амьдрах таатай орчин бүрдсэн баянбүрд болно. Өдгөө хашаандаа сайхан амьдарч буй иргэд илүү олон болсон. Тэд хүч хөдөлмөрөөрөө мод бут тарьж, хашаандаа ногоогоо ургуулан, эрүүл орчинд амьдрахаас гадна хүнсний хэрэгцээгээ хангаж байна. Тэднийг илүү урамшуулж, тэдний туршлагыг бусдад хуваалцах замаар Ерөнхийлөгчийн санаачилгыг ажил хэрэг болгоё.

 Монгол Улсын нийт айл өрхийн 30 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдардаг. Ихэнх буюу 70 хувь нь хувийн сууц, байшин, гэрт амьдардаг гэсэн үг. Тэр бүхэн хувийн эзэмшилдээ мод тарьж, арчлан ургуулахад тэрбум гэх тоо тээр хол сонсогдохгүй болно.

Төмөр хашаа, хайсыг мод бутаар сольё

 Улаанбаатар хотын төв хэсэг буюу Их, бага тойруугийн 1730 байршилд 111 500 ширхэг буюу 12 км урт хашаа, хайс байна. Төрийн ордноосоо эхлээд хувь, хувьсгалын бүх байгууллага төмөр хашаа, хайстай, яг л шорон мэт.

Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хааж боосон хашаанууд ч олон бий. Тэр бүхнийг мод, бутаар сольвол ямар болохыг та бүхэн төсөөлөөд үзээрэй. Бидний хүсээд буй эко орчин жинхэнээсээ бүрдэх бус уу. Улирал, цаг уурын нөхцөл байдлаас үүдэн манай оронд мод тарих нь амар ажил биш. Гэхдээ нөхцөл байдалдаа тохируулан тарьж ургуулсан туршлага бидэнд хангалттай бий.  

Аймаг, сум бүр төгөл байгуулъя

Шинээр тавьсан төмөр замыг элс дарсан дүр зургийг бид хангалттай харсан. Төмөр зам тавьж буй компани элсний нүүдлийг хэрхэх тухай толгой гашилгаж яваа сурагтай. Гарц нь хайс хашаа бус мод тарих. Мод тарьж элсний нүүдлийг зогсоосон туршлага дэлхийд олон бий. Тэгэхээр экспорт, импортын гол замаа элсний нүүдлээс хамгаалах гарц нь өнөөх л мод тарьж, ургуулах ажил.

Монгол орны газар нутгийн 80 хувь цөлжилтөд өртсөн. Тэгэхээр аймаг, сум, баг бүр өөр өөрийн нутаг дэвсгэрт мод тарьж, ургуулснаар бид эх орноо цөлжилтөөс аварч хамгаалах боломжтой.

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих зорилгыг шоологчид олон нийтийн сүлжээнд цөөнгүй харагдаж байна. Тэрбум гэдэг тоо том сонсогдож буй нь мэдээж. Гэхдээ энэ бол шоолох бус улс даяараа дэмжих чухал санаачилга, та бидний үр хойчдоо үлдээх тогтвортой хөгжил юм шүү.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ