Дэлхий дээр огт байдаггүй нисэх буудлыг 242 сая доллараар зарж чадсан Нигери эр
Сонин ХачинДэлхийн түүхэн дэх хамгийн том луйврын хэргүүдийн нэг 1995-1998 оны хооронд болсон юм. Нигерийн иргэн Эммануэль Нвуде (Emmanuel Nwude) огт байдаггүй нисэх буудлыг Бразилын банканд "зарж" 242 сая ам.доллар салгасан явдал нэг хэсэг шуугиан тарьж байв. Тэгвэл Эммануэль хэрхэн ийм том хэмжээний луйвар хийж чадсан юм бол?
Эммануэль Нвуде Нигерийн Union Bank-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд үүний ачаар ямар бичиг баримт бүрдүүлэх, хэнтэй холбоо тогтоох гэх мэт шаардлагатай мэдээллээ цуглуулах туршлага хуримтлуулсан гэнэ. Мөн захирал хүн байсны хувьд өөрийгөө тийм хэмжээний том наймаа хийхээр хүн гэж итгүүлэхээр биеэ авч явж сурсан аж.
Эхлээд Эммануэль өөрийгөө Нигерийн төв банкны захирал Пол Огвума хэмээн бусдад итгүүлсэн байна. Түүнд мөн луйвраа хийхэд нь Эммануэль Офолу, Обум Осакве, Нзерибе Околи, Икечуквугийн гэр бүлийн 2 гэх мэт хүмүүс тусалсан юм.
Эммануэль хамтрагчдынхаа тусламжтай Бразилын "Banco Noroeste" хэмээх банкны захирал Нельсон Сакагучитай холбоо тогтоов. Луйварчин эр Нельсонд улсынхаа хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Нигерийн нийслэл Абужагийн ойролцоо шинэ нисэх буудал байгуулахад хамтрах санал тавьсан байна.
Мөн Эммануэль "Banco Noroeste"-д төслөөс олох орлогын зэрэгцээ зуучлалын хөлс болгон 10 сая ам.доллар өгнө хэмээн амлажээ. Их мөнгөний сураг сонссон Нельсон шууд зөвшөөрсөн аж. Тэрээр 1995-1998 оны хооронд залилагчдад 191 сая ам.долларыг бэлнээр өгч, үлдсэн 51 сая ам.долларыг "Banco Noroetse"-ийн үлдэгдэл хүү хэлбэрээр төлжээ.
Эммануэлийн төлөвлөгөө бараг л амжилтанд хүрээд байв. Гэвч 1997 онд цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт болов. 1997 оны 9-р сард Испанийн "Banco Santander" банк "Banco Noroeste"-г өөртөө нэгтгэхээр болсон байна.
Мэдээж хэрэг тус банк "Banco Noroeste"-ийн бүх санхүүгийн баримтуудыг шалгаж эхэлсэн юм. Тэгтэл 1997 оны 12-р сард Испанийн тал "Banco Noroeste"-ийн тал шахуу хөрөнгө нь Кайманы арлууд дээрх нэгэн банкны дансанд хэвтэж байгааг илрүүлсэн байна.
Үүний цаад учрыг шалгатал тэр нь Нигерид баригдаж буй шинэ нисэх буудлын хөрөнгө оруулалтын мөнгө гэдгийг Испаничууд мэдэж авсан аж. Гэвч тус улсын нийслэл Абужагийн ойролцоо шинэ буудлын барилгын ажил эхлэх нь битгий хэл шавыг нь ч тавиагүй байв. Ийнхүү Бразил, Нигери, Швейцарь, Англи гэсэн 4 орныг хамарсан томоохон мөрдлөгө эхэлсэн юм. Бразилын тал банкаа зарах явцыг цаашид үргэлжлүүлэхийн тулд үлдэгдэл 242 сая ам.долларыг өөрсдийн хувийн хөрөнгөөсөө гаргаж өгсөн ч яваандаа "Banco Noroeste" дампуурлаа зарлахаас өөр аргагүй болсон аж.
Хэдийгээр луйвар 1995-1998 оны хооронд явагдсан ч Эммануэлийг хамсаатнуудынх нь хамт 2004 онд л шүүж эхэлсэн байна. Тус хэрэг дэндүү адармаатай байсан учраас маш нарийн шалгалт явуулах хэрэгтэй болсон юм. Ингэсээр жинхэнэ мөрдлөгө 2002 онд л эхэлсэн байдаг. Энэ үед Нигерийн тухайн үеийн ерөнхийлөгч Олесегун Обасанжо Луйвартай тэмцэх газар буюу Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо (EFCC)-ийг дөнгөж байгуулаад байжээ.
Хэрэгтнүүдийг Абужагийн дээд шүүхэд өгсөн бөгөөд тэдэнд 100 гаруй залилан, хээл хахуулийн хэрэг тулгасан байна. Эхэндээ луйварчид өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлсэн ч тэдний нэг нь сандарсандаа үнэнээ хүлээснээс болоод бүх зүйл орвонгоороо эргэсэн аж. Гэсэн ч Эммануэль хэргээс мултрахын тулд EFCC-ийн даргыг 75 мянган ам.доллараар хахуульдахыг оролдсон байна. EFCC-ийн дарга тус мөнгийг авахаас татгалзсаны дээр бүх зүйлийг илчлэснээс болоод Эммануэлийн зүйл анги нэгээр нэмэгдэв.
Прокурорууд "Banco Noroeste" банкны захирал асан Нельсон Сакагучийг гэрчээр дуудсан бөгөөд түүний өгсөн мэдүүлгийн дараа Эммануэль хамсаатнуудын хамт гэм буруугаа хүлээхээс өөр аргагүй болов. Эммануэльд таван жилийн хорих ял оноож, засгийн газарт 10 сая долларын торгууль төлөх шийдвэр гаргажээ. Томоохон банкнаас 200 гаруй сая ам.доллар залилсан хүнд энэ зэргийн шийтгэл маш бага байсан нь ойлгомжтой.
Энэ бүх явдал дэлхийн түүхэнд болсон хамгийн том залилангийн хэргийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хамгийн гол нь олон орны банк, хуулийн томоохон мэргэжилтэнгүүдийг олон жилийн турш ийм амархан мэхэлж явсан гэдэгт итгэхэд бэрх юм
Дээрх хэргийн тухай бодох тусам хөрөнгө оруулагч банк нь яагаад Абужагийн шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг шалгах баг илгээсэнгүй вэ? Нелсон яагаад нарийн судалгаа явуулаагүй юм бэ? гэх мэт олон асуулт гарч ирнэ. Гэхдээ энэ явдлын ачаар ирээдүйн банкны салбарын мэргэжилтэнгүүд луйварчдаас хэрхэн сэргийлэх вэ гэдгээ мэдэж авсан юм.