В.Путин Оросын гол дайснуудыг нэрлэжээ
ДэлхийОХУ -ын гол дайсан бол ядуурал, түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудал юм гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрынхаа Шадар сайд нартай даваа гарагт цахимаар уулзахдаа мэдэгджээ.
“Би дөнгөж сая “Нэгдмэл Орос” намын жагсаалтад тэргүүлэгч нартай мөн цахим хэлбэрээр зөвлөлдлөө. Сонгуулийн дүнг зарласны дараа зарим төв байранд “Ура!” хашхирсан тухай сонссоноо тэдэнд хэлсэн. Гэхдээ бидний хувьд бүх зорилгодоо хүрсэн гэж итгэлтэйгээр хэлж, “ура!” хашхирахад эрт байна. Дайсан хараахан ялагдаагүй байна” гэж В.Путин хэлжээ. Тэрбээр “хүн амын нэлээд хэсэг нь ядуу байгааг, мөн эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, дэд бүтцийн хөгжилд шийдэгдээгүй асуудлуудыг” дайснаа гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Орост хийх зүйл байсаар байна гэж В.Путин тэмдэглээд “энэ бол бидний гол дайсан, харин бидний гол зорилго бол иргэдийнхээ амьжиргааны түвшин, чанарыг сайжруулах явдал юм” гэж цохон хэлжээ.
В.Путин шадар сайд нарт хандаж, үүрэг даалгавраа хурдан шуурхай, чадварлаг, үр дүнтэй биелүүлэхийн тулд бүх чиглэлээр, засгийн газар, яамд, байгууллагуудад багаа бүрдүүлэхийг хүссэн байна. Тэрбээр мөн уулзалтад оролцогсдод сонгуулийн өмнөх хугацаанд хийсэн ажил, сонгуульд амжилттай оролцсонд нь талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: ТАСС