Өмнөд Солонгост нохой идэхийг хориглоно: Тус улс хүнсэндээ жил бүр 1 сая орчим нохой хэрэглэдэг
ДэлхийӨмнөд Солонгос улс жил бүр 1 сая орчим нохой хүнсэндээ хэрэглэдэг байна. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин долоо хоног бүрийн хуралдааныхаа үеэр Ерөнхий сайд Ким Бу Гемдээ нохойн махыг бүрэн хориглох цаг болсон эсэхийг асуусан тухай The Korea Herald хэвлэлд мэдээлжээ.
Золбин нохойг хамгаалах системийг сайжруулах асуудлаар тэд хуралдсан ч Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Солонгост нохой тэжээдэг айл өрхүүд нэмэгдсэн. Үүний зэрэгцээ нохойг хүнсний зориулалтаар хэрэглэхээр үржүүлдэг фермүүд ч үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нохойнд хайртай, гэртээ хэд хэдэн нохой тэжээдгээс гадна төрийн тэргүүн болохдоо нэг нохойг аварч, тэжээсэн юм. Өмнөд Солонгост амьтныг хамгаалах хууль хэрэгждэг бөгөөд нохой, муурыг харгис хэрцгийгээр хөнөөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ амьтны махыг хүнсэндээ хэрэглэлээ гээд гэмт хэрэгт тооцдоггүй байна.
Windsor Star-аас явуулсан судалгаагаар Өмнөд Солонгосын иргэдийн 78% нь нохой, муурын махыг хүнсэнд хэрэглэх, худалдан борлуулахыг хориглох ёстой гэж үзсэн бол оролцогчдын 49% нь нохойн мах хэрэглэхийг хориглох нь зөв гэжээ.
“Өмнөд Солонгосын иргэд нохойн махыг хэрэглэх нь уламжлал биш, харгис хэрцгий үйлдэл гэж улам ихээр үзэх болсон” хэмээн Солонгосын амьтны эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн Чон Жин-Кен (Jeon Jin-kyung) мэдэгджээ.
Харин нохойн мах хэрэглэхийг дэмжигчид хүн юугаа идэхээ өөрөө сонгох эрхтэй гэжээ.
“Хүнсэнд хэрэглэх зориулалтаар үржүүлдэг ноход 35-80 кг байдаг. Эдгээр нь гэрийн нөхцөлд, эсвэл өөр байдлаар өсгөдөг нохдоос огт өөр” хэмээн нохой үржүүлдэг орон нутгийн фермерүүдийг төлөөлөн Чо Хван-Ро (Cho Hwan-ro) мэдэгджээ.
Нохойн мах нь Солонгосын уламжлалт хоол хүнсний нэг бөгөөд тус улсын иргэд жил бүр 1 сая нохой иддэг гэнэ. Сүүлийн хэдэн жилд Солонгост нохойн махны хэрэглээ огцом буурч, харин гэр бүлийн гишүүн байдлаар тэжээх үзэгдэл өсчээ.
Эх сурвалж: FOCUS