Г.Буяндорж шоронд орохоос айн хуулийнханруу дайрч байна уу…
НийгэмӨнгөрсөн 15-ны өдөр Г.Буяндорж, түүний эхнэр Т.Ариунаа нар хонгилийн прокуроруудын эсрэг тэмцэхээ илэрхийлж хэвлэлийн хурал хийж байсан. Эл хэргийн талаар Буян Жагаа цахим хуудастаа ийн хуваалцжээ. Мөн хэвлэлийн хурлын мэдээг дахин сийрүүлж хүргэе. Б.Жаргалсайхан: Хуулийнханд 25,5 тэрбум төгрөгөө алдчихаад 10 жил хэлмэгдэж яваа гэх Г.Буяндорж, түүний эхнэр Т.Ариунааг өрөвдөхгүй хүн алга. Хамгийн сонирхолтой нь өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг Г.Буяндорж Т.Ариунаа хоёр луйварчин уу гэсэн асуулт гарч ирнэ. Г.Буяндоржийн хувьд шүүхээс зугтааж яваа нэгэн. Учир юу гэвээс тэрээр БНХАУ-ын иргэдэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс их хэмжээний баяжмал авч өгнө гээд 2 сая ам.доллар авсан.
Тэр мөнгөө ах дүү нар руугаа шилжүүлж бултуулсан ч баригдсан байгаа юм. Тэр иргэд хятад улсдаа очоод шийтгүүлсэн, өрөнд орсон гээд хугацаа алдсан асуудал байгаа гэнэ. Гэвч өдгөө Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр орж ирэн мөнгөө нэхэж байгаа аж. Гэтэл Г.Буяндорж энэ залилангаа ярихын оронд 25,5 тэрбум төгрөгөө хуулийн мафид алдсан гэх. Мафийн толгойлогч хэн бэ, гүйцэтгэгч гэхээд бүдэг бадаг зүйл яриад байх юм. Хуулийнхан 10 жил учрыг нь олоогүй гэхээс үзвэл түүний талд шийдвэр гарсангүй дээ. Шоронд орохгүйн тулд хуулийнхан руу дайрч байгаа Буяндоржийг харахаар “Мэхт мэхэндээ”, “Аргаа барсан хүн аавынхаа толгойг илнэ” гэх хуучин цагийн үг санаанд орно…
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Өнгөрөгч гуравдугаар сард манай гэр бүл Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд шударга бус прокуроруудын үйл ажиллагааны талаар, Монгол Улсад нүүрлээд байгаа шударга бусын хонгилын талаар дэлгэж, суулт зарлаж байсан. Суултын үеэр цагдаагийн байгууллагаас КОВИД-той тэмцэх хууль зөрчсөн гэдэг шаардлага ирсэн тул суултаа зогсоосон.
Харин 2021 оны 9-р сарын 28-наас Улсын ерөнхий прокурорын газрын гадна суултаа эхлүүлж байна. Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний гомдлын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулахгүй байна. Тэр бүү хэл миний гаргасан гомдолтой холбоотой Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлстийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж.
Тиймээс би Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна. Энэ хэргийн тухайд цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловс Ц.Батболд тэргүүтэй прокурорууд үүнийг хамгаалаад энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг болон миний гэр бүл, ах дүү нарыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байна.
Ганцхан жишээ хэлэхэд, манай компанийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан өмгөөлөгч шүүгч болчихсон байна. Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамын хүү Шүрэнчулуун гэдэг залуу Ц.Батболдын гар хөл болж өмгөөлөл хийгээд, хоёр тэрбум төгрөгийн өмгөөллийн хөлс авч, манай компанийг дээрэмдсэн хөрөнгөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичүүлж бүхэл бүтэн үйлчилгээний обьект авчихсан шүүгч өнөөдөр сууж байна. Жирийн иргэнийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаад, хонгилын прокурор, шүүгч нараар ял өгүүлээд, тэр хоорондоо миний компанийг дээрэмдэж авч байна. Тэр хэрэг нь илрээд ирэхээр шүүх рүү явуулахгүй байна” гэв.
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.
Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг хуулийн байгууллага таван зүйл ангиар шалгаж, 16 удаа шүүх хуралдаанд оруулж, 409 хоног цагдан хорьжээ.