Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны ДӨРВӨН хүрээлэнг сэргээн байгуулах шийдвэр гаргалаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-29 15:05:32

Засгийн газрын 2021 оны 9-р сарын 28-ны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын шийдвэрийг танилцууллаа. 

2021 оны 9-р сарын 28-ны хуралдаанаар шинжлэх ухааны салбарын шинэчлэлийг эхлүүлэх тогтоол баталсныг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Шинжлэх ухааны салбарт хийгдэх шинэчлэл: 

1. Өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны салбарын реформ бидний санасан хэмжээнд хүрч чадаагүй. Энэ  нь санхүү, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн засаглал, хүний нөөц, залуу эрдэмтдийн дэмжлэг тодорхойгүй байсантай холбоотой. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй тогтолцоотой. Зарим хүрээлэн яамны харьяа, зарим нь шинжлэх ухаан технологийн сангийн, нөгөө хэсэг нь их сургуулиудын харьяа байсан. Энэ тогтолцоог ойлгомжтой болгож, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтийг ил тод, нээлттэй, шударга тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд  Шинжлэх ухаан, технологийн сангийн 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Харамсалтай нь 4000 судалгааны эдийн засгийн эргэлтэд орсон хувь нь маш бага. Цөөн хэдхэн эрдэмтэн, судалгааг санхүүжүүлдэг байдлыг шударга болгож байна.

Жил бүр энэ сангийн 10-12 тэрбум төгрөгийг бүх судалгаанд 20 сая хүрэхгүй мөнгийг тэгш хуваарилдаг байсан. 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн судалгаа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.

2. Монгол Улсад анх удаа лабораторийн тооллого хийлгэсэн. Манайд 300 гаруй лаборатори бий. Үүний 70-80 хувь нь социализмын үеийн тоног төхөөрөмжтэй байна. Улсын төсвийн 5 сая ам.долларын хөрөнгөөр тоноглосон лаборатори ажиллахгүй, тоосонд дарагдаад хэвтэж байна. Тиймээс лабораторийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлж, хөгжүүлнэ.

3. Хүрээлэнгүүдийн газар маш их хулгайд алдагдсан. Тиймээс хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Цаашид хэн нэгэн дураараа хүрээлэн, их дээд сургуулийн газарт халдаж чадахгүй.

4. Шинжлэх ухааны салбарынхны “хар шийдвэр” гэж нэрлэгддэг Засгийн газрын 2015 оны шийдвэрээр олон хүрээлэн үүд хаалгаа барьсан. Энэ үед хаагдсан хүрээлэнгүүдийг сэргээж байна.

-Дулааны техник технологийн хүрээлэн

-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн

-Ой мод, сургалт судалгааны хүрээлэн

-Технологийн инкубаторыг шинээр сэргээн байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасныг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Холбоотой мэдээ