"Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрийн 300 орчим ажилтан өчигдөр оройноос ажил хаялт зарлаад байна"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-01 14:01:24

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлажээ. Энэ талаар тус компанийн ажилтан болон албаны хүнээс тодрууллаа. 

Тус компанийн ажилтан "300 орчим ажилтан өчигдөр оройноос ажил хаялт зарлаад байна. Цалингаа нэмэгдүүлэх, ажлын хүнд нөхцөлийг шийдэж өгөхийг бид шаардаж байгаа. Үндсэн цалингаа бүтнээр нь олгохгүй байна. Урамшуулал, цалингаа ямар ч нотлох баримт хэлэхгүй хасаж байна. 

Өнгөрсөн жилийн өдийд 1.8 сая төгрөгийг цалин авч байсан хүмүүс 650 мянга орчим төгрөгийн цалин авч байгаа юм. Үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцогддоггүй. Хүндэвтэр нөхцөл гэж нэрлэдэг. Уг нь бол хуулиараа хүнд нөхцөл гэж явах ёстой. 

Ажлын орчинд тоосжилт их байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага ирэхээр үйлдвэрийнхээ ажлыг хоёр цаг зогсоож, тоосжилтгүй болгодог. Ингээд цэвэрхэн газар руу оруулж, шалгуулдаг. Ийм нөхцөл байдлыг шийдэж өгөхгүй бол үүндээ таарсан цалин өгөөч гэж бид хүсэж байна.

Бүх хүнд 300 мянган төгрөгийн урамшуулал нэмж өгье гэсэн. Харин бидний зүгээс үүнийг баримт бичгээр баталгаажуулахыг хүсэж байна" гэсэн юм. 

Харин “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс "Одоогоор удирдлагууд ажилчидтайгаа уулзаж байна. Ажилчдад урамшууллыг нөхөж олгоно. Наймдугаар сараас ажил эхэлсэн. Улирал ажиллаагүй учраас урамшуулал олгогдоогүй" гэсэн тайлбарыг өглөө.

Холбоотой мэдээ