АН: Улс төрийн аллагын хариуцлагыг коммунист нам хүлээх ёстой

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-02 10:54:34

АН-ын удирдлагууд өнөөдөр /2021.10.02/ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

АН-ЫН ДАРГА АСАН С.ЭРДЭНЭ:


-С.Зориг агсан монголын ардчиллын анхны лидерүүдийн нэг. Монголын ардчилсан холбооны анхны дарга,тухайн үеийн төр нийгмийн сор болсон улстөрч байсан. С.Зориг агсны хэргээр олон жил улс төрийн шоу, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйл явдал өрнөсөөр ирсэн. Үүний тод жишээ бол өчигдөр цацагдсан "Цензургүй яриа" нэвтрүүлэг байлаа. 

Гурван шатны шүүхээр ял шийтгэл авсан этгээд  

олон нийтийн телевизээр эрээ цээргүй ярьж байгаад харамсч байна.

Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан. 23 жил гэдэг бага хугацаа биш. С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хэсгийг таван удаа тарааж хэргийг замхруулах гэсэн этгээдүүд өнөөдөр төрийн өндөр албан тушаалд заларч сууна. Сонгууль дөхөхөөр энэ хэргийг АН-тай холбож харлуулж, гүтгэх гэж оролддог. 2000 онд цагдаагийн дарга байсан хүн "АН байгаа цагт С.Зориг агсны хэрэг илрэхгүй" гэж хэлснийхээ дараа  УИХ-ын гишүүн болж байв. Улс төрийн аллага гэхээр дан ганц  С.Зориг бус монголын сор болсон эх орончдыг хэдэн мянгаар нь хөнөөсөн. Монголын зургаан Ерөнхий сайдыг харь оронд аваачиж буудаж хороосон. 10 гаруй мянган эх орончийг харь орны шоронд  эрүүдэн шүүж хөнөөсөн.

Улс төрийн аллагын хариуцлагыг коммунист нам болох  МАН хүлээх ёстой. Үеийн үед коммунистууд төр барьснаас хойш улс төрийн аллага хэвийн үзэгдэл болсон. 

Үүнийг таслан зогсоох цаг болсон. Үнэхээр гэмт хэрэгтэн, захиалагч нь тодорхой юм бол гаргаад ир л дээ. 

  Т.ЧИМГЭЭ Б.СОДНОМДАРЖАА  НАРЫГ АЛУУРЧИН  ГЭДЭГТ НЬ ЭРГЭЛЗДЭГГҮЙ

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН О.БААСАНХҮҮ:


АН-ын үед хууль хяналтын байгууллага алуурчдыг илрүүлсэн. Хэргийн захиалагчийг 2016 оны наймдугаар сард баривчлах тухай асуудал яригдаж байсан. Гэтэл Засгийн газар өөрчлөгдөж энэ хэрэг үндсэндээ замхарсан. Би хувьдаа Т.Чимгээ Б.Содномдаржаа  нарыг гэмт хэрэг  хийсэн гэдэгт нь эргэлздэггүй. Хэрэв Т.Чимгээ Б.Содномдаржаа нар алуурчин биш юм бол алуурчин нь яг хэн юм.

Тэд нялх хүүхдийг хөнөөсөн хүмүүс шүү дээ. Хэргийн гэрч С.Зориг агсны аминд Ц.Амгаланбаатар биш хамтран амьдрагч нь  халдсан  гэдгийг хэлсэн байдаг.  Харамсалтай нь  уг хэргийг төрийн нууц руу хүчээр оруулсны улмаас ямар асуудал нууц, ямар асуудал ил болох нь тодорхойгүй байна. Гэрчийг худалдаж авах, айлган сүрдүүлэх, цаашлаад хөнөөх вий гэдэгт маш их санаа зовж байна. АН-ын үед гэрч,хохирогчийг  хамгаалах хууль байсан ч МАН санаатайгаар тус хуулийг хүчингүй болгосон. 23 жилийн өмнөх асуудлыг гэрчилсэн хүн нь ямар айдас дунд амьдарч байгааг хэлж мэдэхгүй юм.  

2000 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 23 жил хууль хяналтын байгууллагыг МАН удирдаж ирсэн.  Энэ хэрэгт төр оролцсон учраас тэдэнд хууль үйлчлэхгүй байна.  Эрх баригч нам солигдоогүй цагт энэ хэрэг илрэхгүй.

 АН-ЫН ДАРГА М.ТУЛГАТ:

-Ардчиллын эсрэг байгаа хүмүүс энэ хэргийг улс төрийн зорилгоор сөхдөг. Нөхөн сонгуулийн үеэр сонгуульд нэр дэвшсэн хүн рүү давшилсан байдлаар С.Зориг агсны нас барсан өдрийн өмнөх өдөр зориуд гаргаж байгаа  нь увайгүй үйлдэл. С.Зориг агсан бол Ардчиллын билэг тэмдэг.

АН-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:

-С.Зориг агсны хэрэг нь сонгуулийн хэрэгсэл болоод хувирчихлаа. Бид Монгол Улсын шүүхэд итгэх ёстой. Гурван шатны шүүхээр нэгэнт буруутай гэж үзсэн хүмүүс буруутай гэдэгт итгэж байна. Тэр хүмүүс гавьяа байгуулсан юм шиг зурагтаар гарч байгаа нь зохимжгүй. 

Холбоотой мэдээ