Одоо бидэнд 2 сонголт бий. Шаардлага тавьж тэмцэж цээж тэнэгэр сайхан амьдрах эсвэл хүртэх ёстойгоо хүртээд ингээд явж байх!
НийгэмЯг урдхан талд Өвөрмонголын хурдны галт тэрэг 1 цаг яваад Дархан, Эрдэнэт орчихоор хэмжээнд хөгжчихлөө, 4 цаг яваад Завхан оччихно. Гэтэл бид хонон өнжин явдаг яст мэлхий шиг удаан, музейн үзмэр болох шахсан өнгөрсөн зууныхаа нөгөө яст мэлхийтэйгээ.
Бид эрх мэдэлтнүүдээс хурдны галт тэрэг нэхэх хэмжээний боловсролтой болж гэмээнэ тэднийг шахаж шаардаж тэд ч хурдны галт тэрэгний талаар бодож эхлэнэ.
Бидний ихэнх нь ийм дайны юм нэхэх боловсрол алга, 3 кг цагаан будааны халамжийн түвшинд л байна. Халамж хавтгайрахаараа сайн зүйлд хүргэдэггүй туршлага хаа сайгүй бий.
Уг нь уул уурхайн баялгаар Монголыг 100 ороосон ч чадах хурдны галт тэрэг байтугай илүү их бүтээн байгуулалт босгочих их нөөцтэй. Даанч бидний сэтгэлгээ ядуу.
Бид халамжийн 5 кг гурил, ганц кг элсэн чихрээ тойрч сонголтоо хийгээд, эрх мэдэлтнүүдэд шаардлага тавьж чадахгүй бүх стрессээ нэг нэгэндээ гаргаж тэмцдэггүйн лайгаа үүрч борц шиг хатсан юмнууд үрчийцгээгээд бие биелүүгээ шүлсээ үсчүүлээд хэрэлдээд явж байгаа үед тэд юу ч өөрчлөхгүй.
Уяаг нь тааруулж сунгаад халамжийн угаадсыг нь тааруулж өгөөд энэ хэвээр нь хатаана.
Тэнэг удирдагчид улам шунахаараа, улам даврахаараа эцсийн эцэст газар нутгаа алдаж туудаг.
Эцэст нь үр хүүхдүүд хохирч орон бүхнээр цагаачилж боолын боол босгоны шороо, дэвсгэр болж шар махтайгаа хатаж амьдардаг. Тусгаар тогтнолоо алдсан улсын үр хойч ийм л замыг туулдаг.
Тэгээд ирэхийн цагт цагаачдын ихэнх нь үеийн үед амны уншлага мэт эцэг эхээ харааж амьдардаг, бэртэгчин байсных нь төлөө, тэмцэж амьдраагүйнх нь төлөө, 2 өрөө байр, машинаас давж сэтгээгүй тулга тойрч амьдарсных нь төлөө.
Цагаачидтай хэдэн жил биш юмаа гэхэд хэдэн сар амьдарч үзсэн хүмүүс энийг сайн мэднэ. Эх оронгүй үед эд хогшил юу юм бэ юу ч биш гэдгийг тэд хамгийн сайн мэднэ.
Одоо бидэнд 2 сонголт бий.
Шаардлага тавьж тэмцэж цээж тэнэгэр сайхан амьдрах эсвэл хүртэх ёстойгоо хүртээд ингээд явж байх!
Би уг нь Монгол хүний гэгээн ухаан, зоригтой, шийдэмгий занд итгэдэг.