Б.Энхбаяр: Хүчгүй, ам нь хамхиастай, айдастай иргэнтэй улс хэзээ ч хүчтэй байдаггүй. Энэ орон зайд дарангуйлагч гарч ирдэг

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-04 03:30:57

“Бусдыг гүтгэх” хэмээх үйлдлийг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж, шийтгэдэг байсан бол 2020 оны хавраас хойш “худал мэдээлэл тараах” болгон өөрчилж, Эрүүгийн хуулиар шийтгэдэг болоод буй. Хэдийгээр уг өөрчлөлтийг оруулсан хууль санаачлагчид “гүтгэх” үйлдэлд хорих ял оноохгүй,  зөвхөн торгож, зорчих эрхийг хязгаарлана гэсэн ч энэхүү өөрчлөлт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй зөрчилдсөөр байгаа юм. 

Уг заалттай холбоотой өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар боловсруулж буйгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр жиргэжээ. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

-Та Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг санаачилж байгаа тухайгаа мэдэгдсэн байсан. Эрүүгийн хуульд ямар асуудлаар нэмэлт оруулахаар боловсруулж байна вэ? 

-Хууль тогтоогч болохоосоо өмнө 3-4 зарчмын асуудалд байр сууриа илэрхийлж, өөрчлөх ёстой гэж ярьж байсан. Тэр асуудлуудаасаа хуулийн төсөл болгоод УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарын хамт өргөн барихаар ажиллаж байна. Тодруулбал, “гүтгэх”, одоо мөрдөгдөж байгаа хуулийн “худал мэдээлэл тараах” зүйл ангид тайлбар оруулах гэж байгаа юм. Тайлбарын гол агуулга нь нэгдүгээрт, төрийн байгууллага өөрийг нь гүтгэлээ гэж гомдол гаргахгүй. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, хардаж сэрдсэн бол мэдэх эрхээ эдэлснийх нь төлөө иргэнийг гүтгэсэн гэж эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргах эрхгүй гэдэг агуулгатай тайлбар оруулах гээд байгаа юм. 

-Улс төрийн нөлөө бүхий этгээд гэдэг нь?


-Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлчихсон байгаа. Нийт 350 гаруй албан тушаалтан бий. Төрийн улс төрийн болон захиргааны өндөр албан тушаалтнууд. 

-Яагаад энэ өөрчлөлтийг санаачлах болов? 

-Хуучнаар гүтгэх, одоогийнхоор худал мэдээлэл тараах гэдэг зүйл анги байна. Ер нь худал мэдээлэл тараах гэдэг нь буруу нэр томьёо. Яагаад гэвэл үнэн, худал эсэхийг хүн өөрөө тогтоож, нотолж байж тараасан байхыг шаардаад байна гэсэн үг. Нэг аймгийн Засаг даргыг 15 удаа явсныг мэдээлчихсэн чинь 14 байдаг ч билүү, энэ нь тэгээд худал мэдээлэл болчихсон. Нэг удаа явсныг нь л мэдээгүйн төлөө худал болчихоод байна. 

Тэгэхээр гарчиг буруу байгаад байна. Гүтгэх гэдгээрээ байвал зөв юм. Гүтгэх гэдэг нь илт худлыг мэдсээр байж нэр хүндэд нь халдах зорилгоор тараасан, гэм буруугийн санаа сэдлийг агуулж байдаг нэр томьёолол юм. 

Худал мэдээллийг хүн санаатай болон санамсаргүйгээр тарааж болно. 

Санамсаргүй болон мэдэх боломжгүй байдлаар мэдээлэл тараасныг Эрүүгийн хуулиар хамруулаад хариуцлага ногдуулах гээд байгаа агуулга уншигдаад байгаа юм. 

Нэг үг, үсэгний ч ард агуулга байдаг. Тиймээс би энэ зүйл ангийн гарчиг буруу гэж үздэг. Гарчиг дүүрч гэж бодоход энэ тайлбарыг оруулах ёстой. 

-Гүтгэх үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцдог болсноос хойш энэ төрлийн хэргийн тоонд ямар өөрчлөлт гарсан байдаг юм бол?

-Шинэчилсэн Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойших статистикийг судалж үзлээ. Статистикаас харахад гүтгэх гэдгээр 2017 оны долоодугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 28 зөрчил, 2018 онд 486, 2019 онд 515, 2020 оны наймдугаар сарын дуустал хугацаанд 107 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. 

Энэ бол цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын тоо. 

Энэ дотор улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид холбогдуулж 2018 онд 38, 2019 онд 23, 2020 онд 36 хэргийг шалгасан байна. 

-Гүтгэх буюу одоо мөрдөгдөж буй хуулийн худал мэдээлэл тараах гэдэг үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэх нь зөв үү? 

-Дээрх статистик мэдээллээс харахад гүтгэх гэдэг зүйл анги Эрүүгийн хуульд байх нь зөв гэж үздэг. Яагаад гэвэл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэж юм байна. Энэ бол Үндсэн хуулиар хамгаалагдсан зүйл. 

Гэхдээ ялгаж ойлгох зүйл бий. Нэр хүнд – алдар хүнд гэдгийг нэр төрөөсөө ялгах ёстой болж байна. Нэр хүнд гэж хүний өөрөө олж авдаг зүйл. Ухаан, хөдөлмөр, мэдлэг, амжилт, ёс суртахууны эрхэм чанараар нийгмээс буюу бусдаас олж авдаг зүйл. 

Манай нийгэмд ялангуяа улс төрд олон түмнэээс сонгогдсон гэхээрээ их нэр хүндтэй болчихлоо, миний нэр хүндэд халдаад байна гэж ташаа ойлгоод байдаг. Нэр төрд нь халдаж байгаа юу, нэр хүндэд нь халдаж байгаа юу гэдгийг ялгаж авч үзэх ёстой. 

Нэгэнт олон түмэн нэр хүндтэй болох тэр эрхийг улс төрд нөлөө бүхий этгээдэд өгсөн болохоор энэ нь тухайн этгээдэд олдмол зүйл. Байгалийн амьтан хүн болохынхоо хувьд төрөлхөөс заяагдсан зүйл нь нэр төр. Нэр хүнд нь олдмол зүйл юм.

Гэтэл манайхан байгалиасаа нэр хүндтэй, халдашгүй байсан юм шигээр боддог. 

"Улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхтэй нь холбоотой хардаж сэрдсэн бол тухайн этгээд эрүүгийн журмаар гомдол гаргах эрхгүй"

Тэр нэр хүнд гэдэгтэй хамт хязгаарлалт яригдах ёстой. Өөрөөр хэлбэл, олон түмний итгэлийг өөрөө хүсээд авч байгаа бол тэр хүний ард төрийнх нь нэр хүнд, олон түмнийх нь нэр хүнд, хууль цаазынх нь нэр хүнд, шударга ёсных нь нэр хүнд бүгд оршиж байдаг. Ардаа тийм их хариуцлага тээж байгаа учраас өөрөө түүнтэйгээ дүйсэн ил тод, нээлттэй байх шаардлагатай болж байгаа юм. 

Нээлттэй байдлыг иргэдийн мэдэх эрх хангадаг. Мэдэх эрхээ эдэлснийх нь төлөө өөртөө олж авсан төрийн хүчийг ашиглаад эрүүгээр шүүлгээд байж болохгүй. Хэрэв хүнийг эрүүдээд эхлэх юм бол энэ нь мэдэх эрхийг шууд хязгаарлаж байгаа явдал болно. Мэдэх эрхийг хууль бус дарамт, төрийн хүчээр боомилоод эхлэх юм бол төр нь мангасжих шинж рүүгээ явна

Дарангуйлагч болох шинж рүүгээ явна гэсэн үг. 

Тэгэхээр бид үүнийг зөвшөөрч болохгүй. Мэдэх эрх нь ардчиллын үнэт зүйл, багана учраас түүнийг хамгаалах ёстой. Үүнийг хамгаалахын тулд улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхтэйгээ холбоотой асуудлаар хардаж сэрдсэнээр гомдол гаргахгүй шүү гэж байгаа юм. 

Харин хувь хүнийх нь хувьд буюу нэр төрд нь халдвал иргэдтэй адил цагдаад хандах эрхтэй.   

-Улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гэдгийг тайлбарлахгүй юу?

-Болсон явдал дээр тайлбарлая л даа. Нэг этгээд хуурамч сошиал хаяг нээгээд 4-5 улстөрч, УИХ-ын гишүүнийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэдэг постер хийгээд тараасан. УИХ-ын гишүүнийхээ хувьд хүүхэд хүчирхийлнэ гэдэг ойлголт байхгүй. Энэ бол хувь хүнийх нь нэр төрд халдаж байна. Энэ тохиолдолд тухайн улстөрч цагдаагийн байгууллагад хандаад, шалгуулах эрх нь байх ёстой. 

Харин албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаагийнх нь хувьд асуудал ярьсан бол гомдол гаргахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалд томилогдохдоо, төрийн өмчийг зарцуулахдаа хууль зөрчсөн, авлига авсан гэдэг мэдээлэл гарч байгаа бол хувь хүнийх нь хувьд биш албан тушаалтны хувиар хардаж, сэрдэж байна. Энэ тохиолдолд худлаа байна, нотло гэж цагдаагийн байгууллагаар хүч хэрэглэх эрхгүй. Энэ тохиолдолд нэр төрөө сэргээлгэхдээ иргэний журмаар иргэний шүүхээр гомдлоо гаргана. 

Тэрнээс мэдэх эрхээ эдэлсэн иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг цагдаагийн нударгаар далайлган эх сурвалжаа хэл гэж дарамтлаад байж болохгүй. Эрүүгийн хуульд оруулахаар боловсруулж буй хуулийн гол өөрчлөлт нь энэ юм. Хэдийгээр ганцхан өгүүлбэртэй тайлбар ч гэсэн үүний цаана гурван сая иргэний мэдэх эрхийг хамгаалах, мэдэх эрхийг хангадаг хамгийн гол төлөөлөгч болох хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг хамгаалах, энэ эрхийг хамгаалах замаар иргэний нийгмийг хүчтэй болгох гол агуулга оршиж байгаа юм.  

Улс хүчтэй байхын гол үндэс нь төр хүчтэй байхаас гадна иргэн нь хүчтэй байх явдал. Хүчгүй, ам нь хамхиастай, айдастай иргэнтэй улс хэзээ ч хүчтэй байдаггүй. Энэ орон зайд дарангуйлагч гарч ирдэг. 

-Энэхүү өөрчөлтийн төслийг хэзээ өргөн барих вэ?

УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө өргөн барина. Намрын ээлжит чуулганаар хэлэлцээд дэмжих байх гэж найдаж байна. 

Холбоотой мэдээ