"Өрхөд олгодог сайжруулсан шахмал түлшний тоог нэмэх боломжтой"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-04 23:20:27

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ:

-Баруун үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажил хангагдаж байна. Үйлдвэртэй холбоотойгоор түлш тасалдсан асуудал огт гараагүй. Хэрэглээнд үндэслэж, түлш борлуулах цэгүүдийн тоог нэмдэг. Тиймээс 100 цэг нэмэхээр болсон. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байдаг. Хуучин нэг өрхөд зургаан шуудай сайжруулсан шахмал түлш олгодог байсан. Шаардлагатай бол өрхөд олгох тоог нэмэх боломжтой. Өнгөрсөн жил өдийд 50 мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байсан. Энэ жил нөөцийг 20 мянган тонноор нэмэгдүүлсэн. Үйлдвэрлэл хомсдол үүсэхэд нөлөөлөөгүй.

ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО НЭМЭГДСЭН УЧИР ХОМСДОЛ ҮҮСЧ, ЦЭГИЙН ТООГ НЭМСЭН

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.БАТБАЯСГАЛАН:

-Өнгөрсөн хоёр жилд нийт үйлдвэрлэсэн түлшний хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдэж байна. Covid-19-ийн үед ард иргэдийн эдийн засгийн байдлыг харгалзаж хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэн. Ингэснээр хэрэглээ 30-40 хувь нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч 2-3 шуудайг нэг өрхөд олгохоор тооцоолж байлаа. Гэхдээ иргэдийн гаргасан санал, хүсэлтийн дагуу цэгүүдийг нэмсэн. 700 гаруй мянган тонн түлш нэмж гаргасан ч хэрэглээ маш их өссөн. Тиймээс иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ НИЙГМИЙН ДААТГАЛЫН 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ НЬ ҮНЭН

Сайжруулсан шахмал түлшний нөөцгүй болж хомсдсон мэдээллийн мөрөөр нийслэл болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд газар дээр нь хяналт шалтгалт хийсэн. Тухайн үед сайжруулсан түлшийг цэгүүдэд өгөх үеэр оочер үүссэн асуудал гарсан. Түүнээс бүх цэгт нөөцгүй болоогүй. Мөн ажилчдын ажил хаялттай холбоотой мэдээлэл гарсан. Тэр бол худал. Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал бол хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. 6.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулахаар ярьсан. Цаашид ийм асуудал гаргахгүй байхыг үүрэг болгосон гэлээ.

Холбоотой мэдээ