Парламент Засгаас хариуцлага НЭХЭХ ҮҮ
Улс ТөрУИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, улс төр өрнөж байна. Энэ намрын чуулганаар гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимаар хуралдахаар болжээ. Ирэх оны улсын төсөв, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлого гээд хуулийн хугацаатай төслөөс гадна цаг үеийн олон асуудал шил даран хүлээж байгаа.
УИХ-ын ээлжит чуулганыг спикер нээж, хэлэлцэх асуудлаа онцолдог. Энэ удаагийн намрын чуулганы нээлт дээр уламжлал ёсоор спикер нээж, цаг үеийн шинжтэй асуудлыг хөндөн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Төр, засгийг нэг нам үнэмлэхүй олонхиор хоёр дараалан удирдаж байгаа.
Коронавирусийн цар тахлын халдвартай дэлхий нийтээр тэмцсээр хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Дэлхийн зарим улс орнууд энэ цар тахлын нөхцөл байдалд дасан зохицож, хариуцлага хамгаалалтаа чангатган ажил, амьдралын хэвийн горимд шилжин ажиллаж байгаа. Манай улсын хувьд халдвараас сэргийлж, хүн амаа вакцинжуулж, иргэд ч дор бүрнээ хичээж байгаа хэдий ч тархалт өндөр хэвээр байгаа. Өдөр бүр шинээр халдвар авсан иргэдийн тоо 3000-аас буухгүй, нас баралт 20 хүрч байгаа эмгэнэлтэй мэдээтэй. Эрүүл мэндээ хамгаалж, вакциндаа хамрагдаж, дархлаажуулалтаа дэмжиж, амны хаалтаа зүүж байгаа ажил, амьдралаа хэвийн үйл ажиллагаанд явуулах гэсэн иргэдийн төр, засгийн эргэж буцсан шийдвэрт эргэлзэх болсон. Тухайлбал, гадаах үйл ажиллагааг хориглож, үйлчилгээний байгууллагууд хариуцлагын гэрээ, хууль, хяналтын байгууллагын гэнэтийн шалгалт дор үйл ажиллагаагаа явуулж байхад Засгийн газар “Цахим үндэстэн” шоу зохион байгуулж, залуусын цугларал, бөөгнөрөл үүсгэснийг иргэд одоо ч шүүмжилсээр байгаа.
Шатахуунаа импортоор авдаг манай улсын хувьд жирийн үед ч байнгын нөөц, бэлэн байдалд явсаар ирсэн. Тэр дундаа шатахууны 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог, гэрээт үйлдвэр их засварт орох улирлын нөхцөл байдлыг харгалзан татан авалтаа урьдчилж бэлтгэн, нөөцөлсөөр ирсэн. Харамсалтай нь энэ удаад шатахуунаар тасалдаж, иргэдийн бухимдал дээр бухимдал үүсгэлээ. Шатахууны хомстолд орсонд экспортлогч орон хийгээд цар тахлын халдварын нөхцөл хамаарахгүй, Засгийн газар хариуцлага алдсан буруутай. Тиймээс УУХҮ-ийн сайд Г.Ёндонд хариуцлага тооцохоор байлаа. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүддээ хир халдааж, хариуцлага тооцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсны дагуу чимээгүй өнгөрсөн. Харин УУХҮ-ийнх сайд Г.Ёндон албан тушаалтнууддаа хариуцлага тооцно гэж буруугаа бусдадаа чихээд асуудлыг намжаасан. Ийнхүү алдаа гаргасан ч хариуцлага хүлээдэггүй Засагтайгаар үргэлжилж байгаа.
Харин энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар сайд нарт хариуцлага тооцож, шахаж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг л иргэд хүсч байгаа. Энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг УИХ байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ч үргэлжлүүлэн дэмжиж, хамтарч ажиллах болно. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулъя. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй.
Саяхан шатахууны хомсдол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул Сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл байгаа, хүндрэлтэй асуудлууд яагаад үүсэж буй шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулж, шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч байх шаардлагатай байна” гэлээ.
Ер нь өмнөх парламентууд Засгийн газраа хянаж, үйлдлийн төдийгүй үгийн алдаа гаргасан сайд нарыг ч хариуцлага тооцон огцруулдаг байлаа. Харин энэ удаад үнэмлэхүй олонх, намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулан гүйсэнгүй. Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа гэх боловч хуулийн заалтад хүч дутаж байгаа. УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 18 гишүүн гарын үсэг зурж байг УИХ-д өргөн барих заалттай. Атал сөрөг хүчин, бие даагч нийлээд ч хуулийн энэ квотод хүрэхгүй.
Засгийн газартаа шаардлага тавьж, хариуцлага нэхэж ажиллаж спикерийн үг намрын чуулганы нээлтийн шигтгээ болж үлдэж үү, шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үү гэдгийг харах үлдлээ.