Америкт гадуурхагдсан Хятад оюутанг Монгол болгож тусалсан түүх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-05 01:11:04

2008 он. Америкт сурч байлаа. Манай ангид надтай нийлээд хоёр л ази оюутан байв. Хэд хоногоос адилхан ази болохоор, бас ч гэж элгэмсүү санагдаад нөгөөдөхтэй чинь үг солих гэтэл огт хариулдаггүй, илт дөлөөд байв. Би ч сүүлдээ юм асууж шалгаахаа болиод тоохоо больсон.

Гэтэл нэг өдөр дотуур байрны хогийн савны хажууд нөгөөх маань уйлчихсан сууж байхаар нь очтол өмнөх сургуульдаа хятад гээд гадуурхагддаг байсан, өрөөнийх нь охидууд нийлж байгаад хулгай хийсэн гэж худлаа матаад сургуулиас нь хөөлгөчихсөн, ар гэр нь ядуу учраас бүх хөрөнгөөрөө дэнчин тавиад өөрийг нь энд сургаж байгаа, “Чамайг ч бас хятад гээд надад дургүй болчих байх гээд юм ярьдаггүй байсан” гээд бүх юмаа хэлэв ээ.

Хаа газар хятадуудад дургүй байдаг хойно. Өдөр нь нэг хичээл дээр гадаад оюутнуудыг өөр өөрсдийнхөө улсын талаар, мэдээлэл бэлтгэж ирээрэй гэлээ. “Би хятад гэдгээ хэлмээргүй байна. Энд дахиад гадуурхагдвал үнэхээр тэсэхгүй нь” гэхээр нь “Чи тэгвэл өөрийгөө монгол гээд хэлчих юм уу?” гэтэл болох юм уу гэхээр нь болноо л гэчихэв. Би ч зөвшөөрөл өгдөг хэн ч юм.

“Тэгвэл надад монгол нэр өгөөч” гэхээр нь толгойнд орж ирсэн эхний нэрээ (Болороо) diamond гэсэн утгатай гэтэл “Ямар гоё нэр вэ баярлалаа” гээд л өнгөрөв.

Дараа нь тэр хичээл дээр би нөгөө л ярьдаг Чингис хааныхаа талаар мэддэг ганц хоёр юмаа хэлтэл нөгөөх маань бүүр Хүннүгийн үеэс авахуулаад тусгаар тогтнолоо зарлах үе хүртэлх түүхийг бэлдчихсэн, 5 минутанд багтаагаад дуржигнатал ярьж, бүр хүүхдүүдэд тараах материал нтр хэвлэчихсэн, “Намайг та нар Boloroo гэж дуудаарай, манай найзыг Enkhjin гэдэг. Бид монгол” гэчихсэн, хүүхдүүд ч тэрний ачаар манай улсын талаар сайхан сэтгэгдэлтэй хоцорсон.

Дараа нь амралтаараа Монгол явах болоход “Чи ирэхдээ Монголын далбааг надад авчраарай” гэв. Би ч далбааг авчраад өгтөл, тэр өрөөнийхөө хананд тогтоочихсон байсан. Тэгж яваад надаас өмнө төгсөж, нутаг буцсан.

2013 онд ээж маань хагалгаанд ороход би Монголд ирж, сар шахам эмнэлэгт ээжийгээ сахиж байгаад буцах болов. УБ-Бээжин чиглэлийн галт тэргээр Бээжин орж, тэндээсээ нисэх байлаа. Нэг кабинд хамт сууж явсан настай ах, эгч хоёртой жаал юм ярьж байгаад хил гарав. Сар гаруй дутуу нойртой явсандаа ч тэр үү Бээжин хүртэл нам унтчихаж.

Сэрээд хартал бичиг баримт, буцах онгоцны тасалбар жаал жуулхан мөнгө зэрэг байсан цүнх маань ч, нөгөө ах эгч хоёр ч алга болсон байв. Вагоны үйлчлэгч эгчид хэлтэл бидэнд хамаагүй гээд халгаасангүй. Тэгээд Бээжинд халаасанд байсан 2500 төгрөгтэйгөө л буув. Азаар утсыг минь үлдээсэн байлаа.

Хэл мэдэхгүй, дээрээс нь бичиг баримтгүй би хоол идэлгүй, нойлын ус уун хоёр хонов.

Байр байдал нь ядруухан харагдах намайг хоолны газрууд үүдээрээ ч шагайлгахгүй хөөгөөстэй. Ганц хоёр монгол хүнтэй таарсан ч сайн байна уу гэхэд л зугтаж алга болно. Тэгэхэд би тэдгээр хятад хүмүүст биш элэг нэгтнүүддээ л их гомдсон. Азаар нэг хоолны газар ороод интернэтээ хэрэглүүлээч гэхэд эзэн өвгөн нь зөвшөөрч хэдэн танилдаа нөхцөл байдлаа хэлээд “Энд танил байвал туслаач” гэж гуйв. Нэг нь ч нааштай хариу хэлээгүй.

Харин юуны магад гээд нөгөө хамт сурч байсан хятад охин руугаа чат бичээд тэрхүү хоолны газрын хаягийг, нөгөө өвөөгийн дугаартай хамт үлдээтэл төдөлгүй эзэн өвөө рүү залгах нь тэр. Тэгээд тэр оройдоо Бээжингээс 300-аад километрийн зайтай газраас ирж намайг аваад, буудалд оруулж өгөөд “Бичиг баримтаа гартал манайд бай” гээд гэртээ дагуулж очив. Очтол аав, ээж, гэр бүлийнхэн нь маш халуун дотноор угтан авсан.

Хамгийн гоё нь нөгөө Монголын далбааг маань тэр охин өрөөнийхөө хананд жаазлаад өлгөчихөн байв. Буланд нь Bolor&Enkhjin гээд биччихсэн. Ёооё тэрийг хараад л асгартал уйлсан. Тэгээд бичиг баримт нтр маань гарсны дараа надад онгоцны билет авч өгөхөөр нь “Очсоныхоо дараа заавал буцаагаад явуулна аа” гэхэд минь “Чиний ачаар би сургуулиа төгсөж чадсан. Чиний надад өгсөн нэрний чинь төлөөс гээд л бодчих” гэсэн.

Одоо бичсэн чинь бүр нулимс цийлэгнэчихлээ. Хятад цус, монгол цус гэдэгт биш, хүн чанар хүмүүжилд л тэрнээс хойш найддаг болсон доо. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Миний амьдралд тохиолдсон хамгийн аймаар, хамгийн гэгээлэг, хамгийн кино шиг явдлаа хуваалцлаа.

Жич: Энд ямар ч хятадуудад хайртай дуртай болгох гэсэн тархи угаалт болон лайк гуйх гэсэн хандлага яваагүй ээ. Хувийн чатаар монголчуудын тархийг угаалаа хятад новш гээд барьж идэх нь. Иймэрхүү пост төдийгөөр угаагдчихдаг тархи оюун ч гэж байхгүй байлгүй дээ. Эерэг байцгаая. 

жичийн жич: Богино үстэй нь манай найз, урт үстэй нь би ( давхраа оёулснаас хойш хүмүүс жаахан хятад гэж харах болсон тал бий.


Холбоотой мэдээ