Дэлхий даяар Фэйсбүүк сүлжээ бараг 7 цагийн турш тасарсны дараа хэвийн ажиллаж эхэллээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-05 21:28:16

Дэлхийн хамгийн том сошиал платформ болох Фэйсбүүкийн үйлчилгээ бараг долоон цагийн турш тасалдсаны эцэст ажиллаж эхэллээ.

Улаанбаатарын цагаар шөнө дундын орчимд тус үйлчилгээнд нэвтрэх боломжгүй болсон бөгөөд үүнээс 30 минут орчмын дараа Фэйсбүүк компани твиттер хуудсандаа үйлчилгээ нь тасалдсаныг хүлээн зөвшөөрч, сэргээхээр шуурхай ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Фэйсбүүкийн эзэмшилд байдаг WhatsApp, Instagram үйлчилгээнүүд мөн тасалджээ.

Онлайн үйлчилгээнүүдийн тогтвортой ажиллагааг хянадаг Downdetector байгууллага ийм хэмжээний уналтыг урьд өмнө нь үзээгүйгээ мэдэгдсэн байна.

Тус байгууллага Фэйсбүүкийн тасалдалтай холбоотой 10.6 сая орчим гомдлыг дэлхийн олон орны хэрэглэгчдээс хүлээж авчээ.

Улаанбаатарын цагаар өглөөний 06:00 цагийн орчмоос эхлэн Фэйсбүүкийн сүлжээ алхам алхмаар хэвийн ажиллагаанд шилжиж эхэлсэн байна.

2 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй Фэйсбүүк компани сүүлийн хоёр өдөр дараалан хүнд байдалд ороод байгаа юм. Ням гарагт тус компанийн нэрээ нууцалсан ажилтан худал хуурмаг, сөрөг мэдээ мэдээллийг орлогоо өсгөхөд ашигладаг Фэйсбүүкийн үйл ажиллагааны талаар хэвлэлд дэлгэсэн нь дуулиан дэгдээсэн байна.

Уг дуулианы улмаас Фэйсбүүкийн хувьцааны ханш Даваа гарагийн арилжааг уналттай эхэлсэн бол үйлчилгээнд нь тасалдал гарсны дараа үдээс хойш дахин унаж, нийтдээ 5.3 хувиар уруудсан юм.

Үүний улмаас Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэргийн хөрөнгийн хэмжээ $6 тэрбумаар хорогдсон байна.

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ удаагийн тасалдлыг дотоод үйл ажиллагааны алдаа, тэр дотроо хэн нэг ажилтных нь хорлон сүйтгэх ажиллагаа байх магадлалтай гэж дүгнэжээ.

Фэйсбүүк компани яг ямар шалтгааны улмаас үйлчилгээ нь тасалдсан талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.

Тус компанийн үйлчилгээ энэ оны гурав, долдугаар саруудад бас тасалдаж байсан ч энэ удаагийнх шиг өргөн хүрээг хамраагүй юм.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ