Хаан банкны харилцагчид хадгаламжаа татаж эхэллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-06 22:57:03

Хаан банкны данснаасаа мөнгөө алдсан иргэд нэгдэн тэмцэж эхэллээ

Монголын хамгийн олон харилцагчтай, салбартай хэмээдэг ч харилцагчиддаа хамгийн их хохироодог банк бол яах аргагүй Хаан банк. Харилцагч нар данснаасаа их, бага хэмжээгээр мөнгө алдах нь байдаг л хэвийн үзэгдэл болтлоо дөжирсөн гэхэд буруудахгүй. Тэгвэл тус банкны харилцагч бөгөөд данснаасаа мөнгөө алдсан иргэд “Хаан банкны хохирогчид” гэх фэйсбүүк групп нээн нэгдэж, хамтдаа тэмцэж эхэллээ.


/2021.10.05/-ны өдрийн 11:00 цагийн байдлаар иргэд Хаан банкны оффист тус банкнаас хохирлыг нь барагдуулахыг шаардахаар цуглаж эхэлсэн байна. Иргэдийн ярьж буйгаар баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө буюу үүрээр банкны дансанд нь халдаж мөнгө хулгайлдаг аж. Огт интернэт банк ашигладаггүй иргэний хувьд 2021.09.09-10-нд шилжих шөнө данснаасаа 1 сая 115 мянган төгрөг алдсан байна. Ингэхдээ иргэний нэр дээр интернэт банкны үйлчилгээ идэвхжүүлж Оргилболд гэх нэртэй данс руу тус гүйлгээг хийсэн байжээ. Мөн 2021.09.02-ны шөнө иргэний хугацаатай хадгаламжийн данс дахь 6 сая төгрөгөөс 1.4 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлж авсан, 2021.09.03-ны өглөөнөөс эхлээд 20 мянга, 25 мянга, 30 мянган төгрөг гэх мэтээр бага багаар авсаар 1.8 сая төгрөгийг алдсан байгаа юм.

Ийнхүү харилцагчийнхаа аюулгүй байдлыг хамгаалж чаддаггүй Хаан банкны данснаас мөнгө “алга” болдог энэ мэт үйлдэл олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч Хаан банк алдаа дутагдлаа засахгүй өдийг хүрсэн нь иргэдийг их хэмжээгээр хохирооход хүргэжээ. Өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалж чадаагүй үйлдлээ Цагдаагийн байгууллагад тохож нэр цэвэр үлддэг тус банкинд холбогдох байгууллагаас хариуцлага тооцох, аюулгүй байдлыг нь сайжруулах эсвэл харилцагчид бүх мөнгөө алдахаас өмнө тус банкнаас татгалзах хэрэгтэй болж байна.



Холбоотой мэдээ