ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАН: У.ХҮРЭЛСҮХ, С.ЭРДЭНЭ ХОЁР АРДЧИЛЛЫГ АВАРЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН УЛСТӨРЧИД
Улс ТөрМонгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
-Шоронгоос суллагдсанаас чинь хойш анх удаа нүүр тулж ярилцаж суугаагийнх нэг асуултыг онцолж сонирхмоор байна. Манайд авторитар дэглэм, дарангуйлал тогтчихлоо гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?
-Популизм хавтгайрахаар нийгэм өөдрөг сэтгэлээ гээдэг. Бүгд гутранги болчихдог. Өөрийн чинь Р.Амаржаргалтай хийсэн ярилцлагыг харахад тэр чигээрээ гутранги үзэл мэдрэгдсэн. Тэр бол нийгмийн толь. Хоёулаа ингээд ярилцаад сууж байгаа нь нийгэмд гэрэл авчрах гэж оролдож яваагийн л нэг илрэл. Тийм учраас өөдрөг үзэл дээр тулгуурлаж ярих ёстой байх. Манайд авторитар дэглэм, дарангуйлал тогтчихов уу гэдэг асуултад би “Ардчилсан нийгэм хэвээрээ байгаа” гэж хариулна. Янз бүрийн зовлон, ухралт байгаа ч гэсэн ардчилал бий. Тэр ухралтууд хүмүүсийн араншингаас болж л үүссэн. Ардчилсан орон гэж нэрлэгдэх нэг том шинж нь Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэлд заагласан явдал.
-Өөдрөг хариулт байна. Гэхдээ талбай дээр үзлээ илэрхийлээд жагсахаар л барьж хорьчихоод байна шүү дээ?
-Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө институцийг бий болгодог. Тэр институци нь Монголын Үндсэн хуулин дахь төрийн эрх мэдэл. Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл гэж. Энэ гурван эрх харилцан тэнцвэртэйгээр биенээ хянаж ажилладаг байх ёстой. Харамсалтай нь ийм үүрэгтэй гурван эрх хэцүүхэн байдалд орсон. Төрийн салаа мөчир болгон хоорондоо тэмцэлдэгч болчихсон. Засаг нь Их хуралтайгаа, Их хурал нь Ерөнхийлөгчтэйгөө тэмцэлдэх болсон. Тэгж тэмцэлдэх явцдаа шинэ үеэ бэлдээгүй. Бэлдээгүй учраас асуудал үүссэн.
-Шинэ үеэ бэлдээгүй гэдэг нь... Ардчилал, засаглалын тухай нарийн ойлголтгүй олонхыг хэлээд байна уу, та?
-Ер нь тийм. Монголд ардчилал анх хийгдэхдээ сэхээтний хувьсгал хэлбэртэй дээрээсээ доош чиглэсэн хөдөлгөөн байсан.
Хойч үеэ ардчиллын үнэлэмжээр бэлдэх ажлаа орхигдуулж ирснээс дээрээс хийсэн хувьсгал шинэ залуу үетэйгээ залгагдахдаа илүү мөнгө, албан тушаал шүтдэг тогтолцоо руу гулгажээ гэж харж байгаа. АНнэг намын засаглалыг легитим байлгахаас хэтрэхээ больчихсон нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Энэ бол түүхээ сулхан мэдэж байгаа болон шинэ цаг үе хэрхэн бий болсон тал дээр анализ хийж, гарах гарцаа олохгүй яваатай холбоотой. Популизм бол ардчиллын бүтээгдэхүүн, популист төр байгаа бол тэр нь ардчилал гэхээс өөр замгүй. Ийм хөрсөн дээр эрх мэдэл булаацалдаж байгаа талуудын зөрчилдөөн улс төрийн эрхийн булаацалдаан болчихож байгаа юм. Сая болоод өнгөрсөн бяцхан хэлмэгдүүлэлт цаанаа ийм шалтгаантай.
-Бяцхан гэж хэлэхэд хэцүү л дээ...?
-Жил гаруй хориход суусан гээд бодоход бяцхан гэж хэлэхэд хэцүү байх л даа. Ганц би ч биш, их олон хүн бүтэн жилээр суусан. Энэ хэлмэгдүүлэлтийг том өнцгөөр харвал шүүх эрх мэдэл Их хурал, Засгийн газрын шийдвэрийг шүүдэг болсонтой холбоотой. Улс төрийн эрх мэдлийг шүүх авчихсан юм. Үнэн хэрэгтээ шүүх яг авсан уу, эсвэл шүүхэд ингэж тэгж болохгүй гэсэн цочрол өгөөд байсан уу гэдэг нь эргэлзээтэй.
-Экс Ерөнхийлөгчөөс шүүхэд үзүүлсэн дарамт шахаа гэж харах ёстой байх. Шүүх эрх мэдлийн энэ гажуудал одоо ямар байна. Энэхүү гажуудал засрах зүгтээ орох нь уу, эсвэл дахиад ч илүү том эрсдэл биднийг угтаж байна уу?
-Яг одоо гээд харвал өөрийн чинь асуусан гажуудал амьд байгаа. Гэхдээ одоо өөр өнгө анзаарагдаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, МАН засаглаж буй энэ үедээ шүүх эрх мэдлийг хууль дээдэлдэг байлгах зарчим руу нь түлхэж өгч байна. Мэдээж зүдэргээтэй. Нэг өдөр хийчих ажил биш. Гэхдээ хийж явааг нь харах юм бол Монголын нийгэм ардчилсан хэвээрээ байна. Дундаа ухрал, бэрхшээл амсаад яваа гэж хэлмээр байна. Дахиад онцлоход, төрийн эрх мэдлийг гурав хуваасан нь дарангуйллаас хамгаалах хамгийн шилдэг зохион байгуулалт. Том зургаар нь харвал, дэлхийн хамгийн шилдэг зохион байгуулалт. Харин төрийн эрх мэдлүүдийн хооронд харилцан ойлголт, хяналт тэнцвэрийг хангаж чадаж байна уу гэдэг нь асуудал болчихоод байна. Төр өөрөө нэгдмэл байгаад, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд нэгдмэл стратегитай, түүнийгээ хэрэгжүүлэхдээ бие биенийхээ үйл ажиллагаанд хутгалдахгүй байх явдал их чухал. Дахиад хэлэхэд, Монгол дахь ардчиллын ухралт бол дээрх эрх мэдлүүдийг хэрэгжүүлэхдээ тэнцвэр хадгалаагүйтэй холбоотой. Ойрмогхон хэсэг хугацаанд шүүх эрх мэдлийн байгууллагууд эрхээ хэтрүүлж УИХ, Засгийн газрын онцгой бүрэн эрхэд халдаж, ганц нэг хүний заавраар хэлмэгдүүлэлт зохион байгуулж, тэр ч байтугай УИХ, Засгийн газрын явуулж байсан бодлогыг буруутган улс төрийн эрхтэй мэт аашилсан нь бол ардчиллын ухралт. Эрх баригч МАНэнэ бодлогоос татгалзахаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлж ирсэн, тэр хандлага нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөтөлбөрт тусгалаа олсныг бас хэлэх хэрэгтэй.
- Эрх мэдлийг гурав хувааснаар нийгэмд үүсэх сөрөг үзэгдлүүд гэж бас бий байх...?
- Эрх мэдлийг гурав хуваачихаар нийгэмд болдог сөрөг үзэгдэл гэж бий. Энэ гурвыгаа дагаад нийгэм задралд ордог. Шүүх эрх мэдлийнхэн буруу ажиллачихаар тэр хавьд нэг өөр орчин бүрдэнэ. Үүнээс гадна гэр бүлсэг байдал үүсээд эхэлдэг. Төрийн эрх мэдэл нийгмийг задралд оруулахаас гадна шашны задрал, намуудын задрал гэх мэт бэрхшээл үүсгэдэг. Тодруулж хэлбэл, эрх мэдэл хуваасан нь оюун санаа олонлог болоход нөлөөлж эв дүйгээ олохгүй байх явдлыг өдөөдөг. Монголд өнөөдөр коммунист, фашист, социалист, либерал, оппортунизм, популизм гээд зүсэн зүйлийн үзэл чөлөөтэй яригдаж байна. Дээр нь оюун санаагаа нэгтгэхийн оронд эрх мэдэл, албан тушаалд улайрсан хүмүүсээр улс төрийн намууд дүүрсэн.
Нийгэмд юу болж байна вэ гэдэгт анализ хийх хүчин мөхөсөөс бие биенээ харлуулахаас өөрийг хийж чадахгүй байдалтай яваа нь бодитой үнэн. Энэ бүхэн ардчиллаас ухрах нөхцөлийг бүрдүүлж байгаа том шалтгаан болоод байгаа юм. Бүр онцолж яривал оюун санааны ихээхэн задрал явагдсан. Мөнгийг шашин мэт шүтэж Монголын эдийн засаг гэх нэгэн бялууг тал талаас нь хэмлэх том дайн явагдаж байна. Оюун санааны агуу задралтай нийгэм харанхуй харагдахаас гадна төр энэ харанхуйд тэмтчихээс өөр аргагүй. Тэр нь төрийг сул дорой харагдуулах нөхцөл болдог. Ийм задралаар нийгэм нэг хэсэг явж болно. Гэхдээ удаан явбал болохоо байна.
-Задрал хэсэг яваад болохоо байсан цаг үе нь одоо мөн үү?
-Мөн. Нэгтгэх гэсэн ажлыг хүчээр хийх гэж оролдсон л доо.
-Яаж?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар ч хамаагүй асуудлыг хэлэлцдэг болсон. Тэнд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн удирдлагаас гадна Ерөнхийлөгч бий. Манайд төрийн гурван толгой гэдэг. Яг үнэн хэрэгтээ зөв томьёоллоор явбал шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван эрх мэдлийн тэргүүн нь төрийн гурван толгой л доо. Ингээд харахаар төрийн гурван толгойны нэг нь Дээд шүүхийн дарга байх ёстой. Гэтэл тэрийгээ үргэлж “паасалдаг”. Тэр үйлдэл нь нөгөө талд мэдрэгдэж байгаа шүү дээ. Ингээд нөгөөдүүл улс төрийн эрх булаацалдаж эхэлж байгаа юм. Нэгтгэх гэсэн оролдлого нь ҮАБЗ дээр асуудлыг аваачихаар илэрсэн. Ямар л бол ямар асуудлыг хэлэлцдэг болсон.
-Сав л хийвэл ҮАБЗ-өөр асуудлыг хэлэлцдэг болсон хандлага хэзээнээс эхлэлтэй вэ?
-Өмнөх Ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн.
-Энэ Ерөнхийлөгчийн үед ямархуу байна?
-Харьцангуй гайгүй байх шиг байна. Юуг үндэсний аюулгүй байдал гэх вэ гэдгийг ойлгох ёстой. Аюулгүй байдалжих гэсэн ойлголт байдаг. Хүмүүний нийгэмд асуудлыг энгийн ба иргэд хоорондын, улстөржсөн буюу заавал төрийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг, аюулгүй байдалжсан асуудал гэж гурав ангилдаг. Асуудал аюулгүй байдалжина гэдэг нь ерөөсөө л улстөрийн хэт улстөржилт. Хэт улстөржилт ардчилсан зарчмыг гишгэх гэж оролдоод байдаг. Бүгдийг аюулгүй байдал гэдгээр айлган дарамтлах гээд, заавал шийд гэж зааварлах гэж улайраад эхэлдэг. Социалист орнуудын туулсан зам л даа. Аюулгүй байдал гээд хэт улстөржүүлж, дайсны аюул юм шиг ойлгуулаад ирэхээр Аюулаас хамгаалах яам байгуулагддаг юм. Аюулаас хамгаалах яам байгуулагдахаар хэлмэгдүүлэлтийг хийгээд өгдөг. Улс төрийн сөрөг хүчнийг дараад өгдөг. Түүн дээр параной удирдагч нэмэгдчихвэл бүр балардаг.
-Таныг, өөр бусад улстөрчдийг хэлмэгдүүлж хорьсон өнгөрсөн зурвас хугацаанд ийм үзэгдэл болоод өнгөрчихлөө, тийм ээ?
-Богино хугацаанд иймэрхүү байдал үүссэн. Эргээд бурангуй нийгэм рүү уначихгүй байхын тулд асуудал бүрийг улстөржүүлдэг, бүр хэт улстөржүүлж аюулгүй байдалчлах нь зөв биш. ҮАБЗ дээр бүх асуудал яригддаг болчихвол УИХ, Засгийн газар нэр төдий Шүүх эрх мэдэл параной удирдагчтайгаа нийлээд хэлмэгдүүлэх болно.
-Одоо тэр аюул багассан гэж бодох гэхээр эргэлзэх сэтгэл давамгайлаад байх юм?
-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш болж байгаа үзэгдлийг би өөдрөгөөр харж байна. Буруу явж байсан үзэгдлээс татгалзсан. Ингэснээрээ ардчиллыг аварч байгаа. Үүнд онцгой гавьяа байгуулсан хүн гэвэл би зориуд У.Хүрэлсүхийг, С.Эрдэнийг нэрлэмээр байна. Энэ хүмүүс, МАН болон АН, ардчилалд том гавьяа байгуулсан. Харин цаашдын өрнөл хэрхэн явагдах вэ гэдэг нь улстөрчдийн авираас хамаарахаар байна.
-Одоо тэгээд бид яах ёстой вэ, та тодорхой гарц санал болгооч?
-Co-operative Governance буюу хамтын ажиллагаатай засаглал руу алхах хэрэгтэй. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, шүүх эрх мэдэл нь томроод байхгүй, хувийн хэвшлийнхэн томроод суухгүй нэгдмэл ажиллахыг л хамтын ажиллагаатай засаглал гээд байгаа юм. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хурал боллоо гэж төсөөлье. Хувийн хэвшлийг төрийн засаглалд оруулж байгаа л хэлбэр. Хамтарч засаглая гэсэн үг. Гэтэл үүнийг манайхан хамтарч засаглая гэж уншиж чаддаггүй.
-Төр нь хувийн хэвшлээ командлах л гэж харагдаад байдаг даа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэх мэт агуулгатай мэдээ сэлтийг уншихаар...?
-Би уг нь нэг удаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэхгүй, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа гэчихвэл бидний толгойд их том өөрчлөлт гарна гэж хэлж байсан удаатай. Хамтын ажиллагаатай засаглалын замыг бусад улс орнууд аль хэдийнэ туулаад өнөөг хүрсэн. Бид араас нь л мөлхөж байна. Төрийн салаа мөчир болгоныг нэгдмэл бодлоготой болгохын тулд төрийн тэргүүн нь бодлогын асуудлаар нийт ард түмэнд хандаж үг хэлдэг (АНУ, Европ, Хятадын жишгэээр) тодорхой боловсруулалт шаардагдах хугацааны дараа Засгийн газар нь хийж ажлаа зарладаг, төрийн эрх мэдлийн төлөөллүүд үндэсний болон орон нутгийн түвшинд байнга уулзалдаж бодлогоо ойлголцдог, төрийн бодлогын нэгдмэл чанарт Ерөнхийлөгчийн зөвлөхийн танхим судалгаа шинжилгээтэйгээр ажилладаг бусад орнуудын туршлагыг авч хэрэгжүүлмээр байгаа юм. Өмнөд Африк төрийн эрх мэдлүүд өөр хоорондоо мэдээлэл солилцож бие биенээ дэмжих үүргийг хүртэл Үндсэн хуулиндаа заалт болгон 1996 онд оруулсан байдаг. Бидэнд тулгарч буй асуудлыг 25 жилийн өмнө шийдэж байжээ гэж бодохоор бидэнд хийх ажил их байна аа.
-Нэг намын засаглал тогтчихлоо, энэ тийм сайн хандлага биш гэсэн байр суурийн тухайд та юу хэлэх вэ?
-Монголд нэг намын засаглал тогтсон нь зүй тогтолт үйл явц. МАН-ыг алдаа оноогоо засаад явж чаддаг институци тогтолцоо гэж харж байна.
-АН-ын хувьд юунд анхаарах хэрэгтэй гэж та харж байна вэ?
-АН-ын хувьд шинэ нөхцөлд эхлээд институци тогтолцоо болж өөрөө өөрсөдтэйгөө илүү их ажиллах шаардлагатай гэж харж байна. МАН, АН хэрхэн дотоод ардчилалтай институци тогтолцоо болж төлөвшихөөс Монголын улс төр, ардчиллын ирээдүй хамаарч байгаа. Эцэст нь давтаад хэлэхэд, улсаараа хамтын ажиллагаатай засаглал руу л алхах хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн зовлонг хууль тогтоогчид, гүйцэтгэх эрх мэдэлтнүүд нь мэдэж байдаг хамтын ажиллагаа их чухал. Хамтын ажиллагаагаа явуулахдаа ардчилсан зарчим дээр үргэлжлүүлэхээс өөр зам байхгүй. Өөр муу арга замаар явна гэвэл богинохон настай. Үүнээс гадна хор хохирол нь асар их. Сая тийм зам руу уначихаагүй нь яамай даа гэж бодож байна. Монголд хангалттай сэхээтэн бий. Юм уншдаг улс олон байгаа. Харамсалтай нь бүгд дуугарахаа больчихоод байна л даа. Хоёулангийнх нь өнөөдөр ярьсан шиг гарц яриад эхэлбэл тэд дуугарч эхлэх байх. Жаахан халиад хэлэхэд, одоо шүүмжлүүлээд байгаа эрх мэдэлтнүүд цугаараа шинэ үеийн төлөөлөл. Ардчиллыг дээрээс нь хийж байсан улс шинэ үеэ бэлдээгүй учраас шүүмжлүүлээд яваа хэрэг. Шинэ үеийнхэн гарч ирээд чадах хэрээрээ л ажиллаж байгаа нь энэ. Ингэж томоор нь харвал ардчилал хэвээрээ л байж байна.
-Баруун, зүүн гээд талцаад байгаа анзаарагддаг. АН барууных хэрнээ зүүний юм ярилаа, МАН зүүнийх хэрнээ ийм байр суурь барьдаг нь ямар учиртай юм гэх мэт маргаан их дуулддаг. Энэ хэр зөв талцал юм бол оо?
-Баруун, зүүн гэж талцах шаардлага байхгүй. Баруун, зүүн гэж талцах хэрээр хагаралдах шалтгаан болно. Ямар ч нийгэм урагшаа явахын тулд эрх чөлөө хэрэгтэй. Эрх чөлөөний үзлийг баримтлахыг анх, дээр үед либерал үзэл гэж ярьж байсан юм. Цаг өнгөрөх хэрээр тэр нь гуйвсаар танигдахаа больж либерал гэдэг нь эрх чөлөөний үзэл шиг сонсогдохоо больчихсон. Тэгэнгүүт улстөрчид шинэ юм сэдэж, либертари үзэл гэсэн тодотгол гаргаж ирсэн хэрэг. Эрх чөлөө рүүгээ л зүтгээд яваа гэсэн үг.
-Ардчилал үгүй болохгүй, авторитар дэглэм рүү гулсчихгүй гэсэн өөдрөг мессэж өгсөн ярилцлага боллоо. Ардчилал ямар ч эргэлзээгүйгээр оршин тогтноно гэсэн хамгийн том шалтгааныг хэлээч гэвэл та юуг онцлох вэ?
-Түүхээ харсан ч тэр "Яагаад ардчиллыг сонгох ёстой вэ" гэдэг асуултад угаасаа өөдрөг хариу гарна. Монголчууд нүүдэлчид. Нүүдэлчид бие дааж ахуй амьдралаа аваад явчихдаг хүмүүс. Уламжлалаа харсан ч тэр хаанаа сонгочихдог байсан ард түмэн. Хаад ноёдын ардчиллыг олон түмний ардчилал болгоод хувиргачихсан улс. Иргэншлийнх нь хувьд харвал, нүүдэлчин иргэншилд ардчилал л зохино. Түүнээс биш Европ, Орос, Хятад гэх мэт улсынх шиг хаант сэтгэлгээ зохихгүй.