Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцно, гэхдээ
Улс ТөрЗасгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Ц.Нямдорж өчигдөр гэнэтхэн гарч ирээд “Монголд ийм хүндрэл, бэрхшээл хавсарсан Засгийн газрыг би үзээгүй” хэмээн ам нээв. Ам нээв гэсний учир нь тэрбээр ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш хэвлэлээр яриагүй, өнгөрсөн хугацаанд “чимээгүй” байсан юм.
Чухам яагаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэнэтхэн Ц.Нямдоржийг ам нээлгэх болсон нь анхаарал татах өнцөг.
Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улс, дэлхий нийт ч хүндхэн цаг үеийг туулж буй. Үүнийг дээрээ ч, доороо ч ойлгож байгаа. Гэхдээ сүүлийн гурван сарын хугацаанд доороо гүйдлээ олохгүй гэхээс илүү дээрээ суудлаа олохгүй байгаа үйлдлүүд нь монголчуудыг бухимдуулав. Бүтэн хоёр жилийн хугацаанд цар тахалтай тэмцэж байгаа ч өнөөдөр ч шинжилгээ авах дараалал, халдвар авсан иргэддээ эмнэлгийн тусламж бүрэн үзүүлж чадахгүйгээс 44 амь гэртээ тасрав.
Covid-19-ийн цар тахлаас үүдэлтэй аж ахуйн нэгжүүд хаалгаа барих, ажилгүйдлийн түвшин буурах, халдвараас шалтгаалсан хил дээрх гацаа үнийн хөөрөгдөл үүсгэж, үндсэн монголчууд эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд байна. Цаашид цар тахал хэрхэн өөрчлөгдөх, эдийн засаг өсөх, уруудахаас олон зүйл шалтгаална. Энэ бүхэнд Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын хэрэгжүүлж буй бодлогын үр дүн.
Өнгөрсөн есдүгээр сард бид шатахууны хомсдол орж, Монгол Улс гэх айл гал алдах дөхөв. Шатахууны хомсдолд орж, иргэд нь хонон өнжин шатахуунд дугаарлаж, картын барааны үедээ эргэн очив. Үнэн хэрэгтээ улс нь 30 хоногийн нөөц хангах үүрэгтэй ч аж ахуйн нэгжүүдийнхээ бойкотод орчихсон, хоёр хөрштэйгөө ойлголцолд хүрээгүй учраас ийм нөхцөл байдал үүссэн. Энэ асуудал мөн л Засгийн газарт хамаатай.
Түлшний үйлдвэрийг нүүлгэх Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлж чадаагүй, төсөв, цаг хугацаа алга хэмээн гэдийж суусаар түлшний үйлдвэр нь нийлүүлэлтээ хийж чадахгүй, ажилчид нь ажил хаялт зарлачихсан байгаа нь хэний буруу вэ. Цаг агаар хүйтрэхийн хэрээр сайжруулсан шахмал түлшний эрэлт нэмэгдэнэ. Гэтэл энэ үйлдвэрийг хариуцсан дарга нь “Үнэ хямдруулснаас болж бид алдагдалтай ажиллаж байна. Үнээ нэммээр байна” хэмээн үглэж зогсох. Зуны гурван сар амар тайван байсан дарга нар хүйтрэхтэй, намартай зэрэгцэн “гоншигонож” зогсох.
Энэ мэтчилэн төрийн хэрэгжүүлж, явуулж байгаа алдаатай шийдвэр бүхэнд Засгийн газар танхимаараа гэхээс илүү зарим сайд нар нь хариуцлага алдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох уу, танхимын сайд нартаа хариуцлага тооцох уу гэх яриа дэгдсээр ирсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар ч сайд нараас хариуцлага нэхэж ажиллахаа мэдэгдсэн. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарыг огцрох сайдаар нэрлээд буй. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр гэнэт гарч ирж, сайд нарт хариуцлага тооцох асуудлыг нухацтай авч үзнэ гэсэн нь одоогоор Засгийн газар сайд нараасаа “сугалахгүй” гэсэн санааг илэрхийлэв.
Хариуцлагагүй алдаа гаргаж, самгардаж байгаа нь үүсээд буй хүндрэл, бэрхшээлтэй холбоотой гэсэн үгийг хэлсэн нь ч учиртай. Засгийн газар огцрох цаг нь болоогүй, хариуцлага тооцох болоогүй гэдгээ Ц.Нямдоржоор дайв.
Мэдээж Засгийн газар тогтвортой байх нь зөв боловч хариуцлага алдаад байгаа сайд нарынхаа толгойг илээд хэр удаан явах вэ, энэ Засгийн газар.