Р.Эмүжин: Занданшатар аа! МАН, ХҮН хоёроо тэргүүлээд Нарантуул дээр очиж зогсоорой!
Нийгэм“За Занданшатар аа, Булгантуяагаа хөтлөөд Нарантуул дээр очиж наймаагаа хийгээрэй.
Булгантуяа, Доржханд, Ганхуяг нараас ард түмэн арай л өөр сэтгэхүй, алсыг харсан бодлого хүлээдэг дээ. Гэтэл яав? Зарна, үрнэ л гээд байх юм. Залж чиглүүлж байна л гэж өөрсдөө эндүүрээд, өрөөлийн идэш болгоход ойрхон байна даа. За тэгээд Монголын парламент мэдэхгүй чадахгүйн зовлон, нэрэлхүү нэрэндээ хайртайн гачланд баригдаж дээ.
Булгантуяаг “Азийн орнууд энэ замаар явсан” гээд л том том тонгороод, ганц хоёр гадаад үг хэлээд эхлэнгүүт өнөө хэдэн хонь нь хэл мэдэхгүйн гайгаар хэлээ хазаад, хэнхдэгээ ширтээд сууцгаах юм. Үнэндээ тэр Азийн орнууд чинь одоо байхгүйтэй адил болсон шүү дээ. Доржхандыг “Үндэсний үзэл гэж том том ярихаа болъё оо” гээд шоолох шоглохын завсар шордоод эхлэнгүүт ширээгээ ширтээд, шилээ арчаад, үгээ залгиад, үс гэзгээрээ оролдсон болоод үлдэцгээх юм.
Хассуурийн Ганхуяг бол бүр хуулийн хулгайчийн араншин гаргаж байна шүү дээ. Түүний санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 50 мянган доллартай гадаадын иргэн байнга оршин суух эрх авах тухай анхандаа байгаагүй гэж хамтрагчдын зарим нь халаглаад амаа барьж байна. Өө тэр Өнөрболор бол угаасаа төрийн хүн биш, төрсөн газар усанд нь ч эргэлзэхдээ тулдагаа нуухгүй ээ.
За ингээд харь гаригаас буучихсан юм шиг хэдэн гишүүнтэй, засаглалын задралд хоног хоногоор ойртож яваа Монгол Улсын парламентын дарга гуай юу бодож суудаг юм бол? УИХ-ын залуу гишүүдээс, 40-өөд насныхан шуугитал шуураад ороод ирсэн Засгийн газраас энэ ард түмэн их л өөр хандлага, сэтгэхүй, бодлого хүлээдэг дээ, уг нь. Гэтэл яав, зарна үрнэ л гээд байх юм.
50 мянган доллароор үнэлэгддэг хорвоо ажээ. Мөнгө босгох мөрөөдлийн аргуудаа танилцуулж байгаа ухаантай юм аа даа. Ганхуяг, Доржханд, Өнөрболор нар 50 мянган доллар л авчихвал байнгын оршин суух эрхээр гадныханд байгаа бүхнээ өгье гэж байна. Оюун-Эрдэнийн Засгийн газар болохоор хар тамхи тариалж экспортонд гарган, казино байгуулж мөнгө олно гээд мөхөөлдөс долоож байна.
Нууцын зэрэглэлтэй уулзалт нэг бус хийсэн шүү дээ. Тэгээд тэр мөнгөө юунд үрдэг билээ. Андлалын хөшөөнд 2.0 тэрбум, Бэрх дэх хаягдсан уурхайн музейд 5.0 тэрбум…за зүгээр болиод өг, нэртэйгээр нь Биеэ үнэлэгчдийн албан ёсны ордон нээж, охидоо үнэлж мөнгө олъё гээд хэлчихээч. Алхаж байгаа замаа нурааж, залж яваа завиа зарчихаад яаж далай гатлах гээв? Ер нь яагаад ийм бичикэн юм бэ?
Тэр Мэндсайханы Энхсайханы үгийг эгнэж сууж байгаад та нар бүгдээрээ сонс доо. Макро, микро төслүүд, эдийн засгаа эргэлтэнд оруулах тооцоо судалгаатай хөтөлбөрүүд хаана байна? Хар тамхи, казино, халаасны мөнгө яриад урагшлахгүй ээ. Энэ чинь дээр нь сандайлаад дэндүү олон жил болж байгаа шуудай дүүрэн алтаа шуумаг өмдөөр арилжсантай агаар нэг байна.
Надад бол хэлэхээс ичээд байх юм алга. Занданшатарын ахалсан парламентад төрийн хүн цөөхөн, төрлийн холбоо элбэг, эдийн засагч байхгүй, эх орон үгүй юм байна. Эрээн даавууны наймаачид, ээмэг бөгжний зүүлтнүүд, жижиглэнгийн худалдаачид, ширхэгийн шорлогчид цугласан байна. Хэдэн муу наймаачдаа адлаад байдаг юм билээ, хэзээнээс шахаад, өөрсдөө үлдсэнийг мэдээгүй явжээ.
Тавин мянган ногооноор үнэлэгддэг, танигддаггүй хорвоо ажээ. Зүй нь гадаадын хөрөнгө оруулагчдад энэ мөнгөн дүн 50к байна уу, 500к байна уу, хамаагүй. Бодлого, хуулийн орчин тогтвортой, аюулгүй л байх учиртай юм шүү дээ. За Занданшатар аа, энэ хүмүүсээ аваад, МАН, ХҮН хоёроо тэргүүлээд тэр Нарантуул дээрээ очиж зогсоорой.
Төрийн ордонд төрийн бодлогыг төө урагшлуулж, алд ахиулдаг арай томчууд нь, арай дөнгүүр бодлого боловсруулдаг хүмүүс хэрэгтэй байна. Жижиглэнгийн наймаа, ширхэгийн худалдаа хийхэд ч ухаан хэрэгтэй шүү! Энүүхэндээ гэхэд 50 мянган доллар чинь ганц оройн шоуны мөнгө за. Бод, бод. Бод идсэн царайгаа сайтар төвлөрүүлж сур.
Таны ахалж байгаа УИХ-ын гишүүд ” Манай Зандка дарга орон гаран шүү, осолд ороод эмчилгээ хийлгэсээр байгаад тийм болчихсон юм, гарантах хооронд нь зүтгүүлнэ” гэж ярьдаг юм билээ шүү. За тэгээд бусдын ярьдгийг бусгаад дуулгачихлаа, уучлаарай л даа….”