“Эрдэнэс тавантолгой” ХХК 53 тэрбумыг Чингис хаан банкинд “АЛДЖЭЭ”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-09 23:06:12

“Чингис хаан” банк 2020 оны эхнээс харилцагчийн мөнгөн хөрөнгийг түүний анхны шаардлагаар гаргаж өгөх чадваргүй, үйл ажиллагааны хүндрэлд орох болсон. Улмаар “Чингис хаан” банканд их хэмжээний төлбөр тооцоо саатаад буй талаар манай сайт өмнө нь мэдээлж байв.

Тодруулбал, тус банкны томоохон харилцагч НДЕГ, ЭМДЕГ, “Эрдэнэс таван толгой” ХК, “Монгол Улсын хөгжлийн банк”, “Хадгаламжийн даатгалын корпораци” болон бусад Засгийн газар, улсын байгууллагуудаас гадна олон тооны иргэн, хувийн байгууллагууд мөнгөө авч чадахгүй байгаа тухай гомдлоо Монголбанканд ирүүлээд байна.

Эдгээр гомдлыг үндэслэн Монголбанкнаас “Чингис хаан” банканд Банкны тухай хуульд заасны дагуу үүргээ яаралтай биелүүлж, биелэлтийг Монгол банканд тайлагнахыг үүрэг болгосон байдаг.
Гэвч “Чингис хаан” банкнаас Монголбанканд ямар нэг хариу өгөөгүй учир Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “…Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Чингис хаан” банканд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

ИНЕГ 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ 3.6 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙРШУУЛСАН БАЙЖЭЭ-

Тус банканд их хэмжээний мөнгөө байршуулсан газрууд ээлж дарааллан шүүхэд хандсаар байна. Тэдний нэг нь болох ИНЕГ мөнгөө авахаар шүүхдэж байгаа талаар бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн. Тодруулбал, ИНЕГ тус банктай 2016 оны аравдугаар сарын 23-ны өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр тус банк дахь … тоот харилцах дансанд 2.6 тэрбум төгрөг байршуулсан байна. Улмаар байршсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийх, түүнчлэн банк нь харилцагчийн харилцах дансны 1,000,000 төгрөгөөс дээш үлдэгдэлд 3.6 хувийн хүү тооцож олгохоор тус тус тохиролцсон байдаг ч авч чадаагүй байгаа юм.

-ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХХК 18 САЯ АМ.ДОЛЛАР ХАДГАЛУУЛСАН БАЙЖЭЭ-

Тэгвэл тус банкнаас мөнгөө авах гомдлуудыг ар араас нь шүүхийн танхимд хэлэлцсээр байна. Энэ удаа “Эрдэнэс тавантолгой” ХХК зарга мэдүүлжээ. Тус компанийн хувьд 2017 оны долдугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, тодорхой бус хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй мөнгөө хадгалуулжээ. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 18,652,424 ам доллар буюу монгол мөнгөөр 53 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл байжээ.

Эл мөнгөө эргүүлж авах Эрдэнэс тавантолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд өнгөрсөн зургаа болон наймдугаар саруудад болж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингис хаан банк ХХК-ыг яаралтай төлөх шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэр гарсан ч нэгэнт мөнгөгүй болсон тус банкны зүгээс дэмий л хугацаа хожиж, шүүхийн процессыг сунжруулсаар байна. Тодруулбал Чингис хаан банкны зүгээс эл асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэдний гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр товложээ.

Энэ мэт ”Чингис хаан банкинд мөнгөө хадгалуулсан маш олон хохирогч байгаа бөгөөд тус банкны зүгээс “Бид харилцагчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхийн тулд Монголбанк, Хөгжлийн банкнаас ойрын хугацаанд зээл авахаар хүсэлт гаргасан” гэх хариу өгсөөр өдийг хүрчээ.


Холбоотой мэдээ