Путины төрсөн өдрөөр шинэ зургаар бэлэг барьжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-10 22:34:47

Оросын засгийн газрын албан ёсны инстаграм хуудас Путины төрсөн өдрийг тохиолдуулан түүний баавгайтай хамт нуга дундуур алхаж буй зургийг мэндчилгээний хамт жиргэжээ. ОХУ-ыг 20 жилийн хугацаанд удирдаж буй тэрбээр аравдугаар сарын 7-ны өдөр буюу Пүрэв гаригт 69 нас зооглосон билээ.

Путины төрсөн өдөр болохоос хэд хоногийн өмнө олон улсын эрэн сурвалжлах багийн сэтгүүлчид түүнтэй хувийн харилцаатай байж болзошгүй эмэгтэйн оффшор хөрөнгийн тухай мэдээлсэн юм. Сайхь эмэгтэй 100 сая ам.долларын хөрөнгөтэй байсан нь багагүй шуугиан тарьсан бөгөөд шуугианыг намжаах зорилгоор Путины шинэ зургийг гаргасан гэж таамаглаж буй.

Барууны орнуудын хувьд “дангаар ноёрхогч” болон “ардчиллын дайсан”-ы бэлэг тэмдэг болсон Путины зургууд зарим талаар олны шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, Барууны хэвлэлүүд Путиныг "Эрэлхэг дүрх төрх бүтээх гэж хэтэрхий хичээж байна" гэж шүүмжилдэг. Тэр дундаа Путины цээж нүцгэн загасчилж, морь унаж буй зургуудыг туйлын хачирхан үздэг байна.

Австрийн сурвалжлагч Армин Вольф 2018 онд Путинээс "хагас нүцгэн" зургуудаа тайлбарлахыг хүссэн юм. Тэрбээр "Таны хагас нүцгэн олон зураг байгаа нь төрийн тэргүүний хувьд ер бусын зүйл. Тэр дундаа зургуудыг папарацци юм уу, жуулчид аваагүй, харин Кремль хэвлүүлсэн гэдэг нь тун их сонирхол татаж байна. Тэр зургууд юу өгүүлнэ вэ? "гэжээ.

Путин "Та сая нүцгэн биш хагас нүцгэн гэж хэллээ. Энэ сайн хэрэг. Ер нь би амралтаар явж байхдаа бутны цаана нуугдах шаардлагагүй гэж үздэг. Энд буруу зүйл байгаа гэж үү…" гэж хариулсан аж.

Мөн онд сэтгүүлч Мегин Келли Путинтэй ярилцлага хийх үеэрээ "Таны хагас нүцгэн байдлаар морь унасан зургийг харж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?" гэхэд тэрбээр "Би бас өөрийнхөө баавгай унаад явж байсан зургийг харсан. Одоохондоо баавгай унаж амжаагүй байна. Гэхдээ ийм зургууд байж л байдаг" гэж хариулсан нь бий.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Холбоотой мэдээ