ЭМҮЖИН: “Өө Ганхуяг аа, чи чинь хулгайч дээрээ худалч юм байна шүү дээ…”
НийгэмЗа энэ залуу 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд ялагдсан байдаг. АН-аас нэр дэвших эрхийн төлөө авлигадаж гүйгээд бараагүй гэлцдэг. 2020 онд МАН-аас нэр дэвшиж, сүрэг дунд сүүмийгээд ороод ирсэн хэрэг. УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийнхөө бизнесийн эрх ашгийн төлөө нэг хууль санаачилсан нь зээлийн хүүг 50 хувь буулгах явдал байлаа.
Учир нь мань эр Дамдиннямтай хавсраад, Амартүвшинтэй хуйвалдаад 33 тэрбумын зээлийг Хөгжлийн банкнаас дүүгийнхээ компанид авсан хэрэг. Дамдиннням, Амартүвшин, Ганхуяг гурвын халаасны сүлжээ эндээс эхтэй. Тэр тухай асуусан сэтгүүлчид 33 тэрбумын зээл авсан ” Вертекс майнинг партнер” компани надад хамаагүй гэж хөнгөхөөн, хөөрхөн хариулсан байгаа юм.
Үнэн хэрэгтээ Хөгжлийн банкнаас эгэл хүнд олддоггүй энэ их мөнгийг гаргуулсан тус компани нь Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг болон гишүүн Дамдинням нарынх болж таарсан. Ингээд УИХ-ын гайгүй гэж үнэлэгддэг гурван залуу гишүүн нэг компани, нэг зээлээр гал хамууд болж таарч байна. Тийм болохоороо л ард түмний авсан зээлд санаа тавьсандаа биш, амины компанийнхаа авсан зээлийн хүүг буулгах гээд бузгай сүйхээтэй хөдөлсөн хэрэг шүү дээ.
Өөрийнхөө төлөө л өрөм хамдаг хүн парламентад нэгээр нэмэгдсэн байна. За гэтэл нөгөө Х.Ганхуяг гэдэг ганган бацаан чинь хуулийн хулгайч болж таарсан. Өнөрболор, Анужин хоёрын мэдэгдэж байгаагаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Ганхуяг тэднээр гарын үсэг зуруулсныхаа дараа хулгайгаар зассан байгаа юм. Нөгөө хулгайн хуулиа өргөн барингуутаа Солонгос руу ниссэн.
Тэгсэн хэрнээ асуудал дэгдээд эхлэнгүүт хэвлэлийнхэнд ” Би хөдөө байна” гэж Монголынхоо хөдөө монцойж яваа дүрд хялбархаан тоглоод, алга хөрвүүлэхийн зуур аймаар муухай жүжиглээд амжсан. Хулгайч, бас худалч гишүүн болж таарлаа.
Өө тэр юу ч биш, ” Монголд очингуутаа клабхауст сайхан яриад, наад хуцалдаад байгаа залуусыг чинь нам панаалдчихна, санаа зоволтгүй” гэж салхи шуугитал том дуугарсан чимээ байна. Клабхауст ордог нөхдүүд Х.Ганхуягт панаалдуулахдаа бэлдэх ёстой юм шиг байна. Ямартай ч МАН хуулийн хулгайч, дээр нь худалч гишүүнтэй болжээ. Одоо энэ хүнийг 33 тэрбумын зээл нь өргөс шиг зовоож, өт шиг идэж яваа.
Хөрөнгө оруулалтын тухай хууль УИХ-аар хэлэлцэх асуудлын 52-т байсан хэрнээ гэнэт наашаа үсрээд ороод ирсэн. Үүний цаана Ганхуягийн өр зээлээрээ наймаалцсан өрөөлийн захиалга байж болохыг үгүйсгэхгүй. За дээр нь нэмээд Булгантуяа гэж жижиг самраач нэмэгдчихээд байна. Төрийн ордныг оюутны байр, танхим нэгтэй түшээдээ тарвалзаж байгаад базаж болдог багваахай цэцэгнүүд гээд бодчихсон бүсгүй юм.
Иелийн их сургуулиас задгай, замбараагүй байдал сураад ирнэ гэж баймгүй юм даа. Сургалтын төлбөрийн зээлийн өр энэ тэр байгаа бол үнэнээ хэлээд үүнээс арай дээр аргаар ард нь гарах хэрэгтэй л дээ. Эмэгтэй хүн болохоор нь эвийлээд удлаа, одоо бол ил тод хэлнэ шүү. Сангийн дэд сайд болтлоо дэвшсэний цаана сар нарны асуудал байж болохыг ч анзаарч байгаагаа хэлчихье.
Ер нь цаашид УИХ-ын гишүүдийн өр зээлийг нийтэд зарладаг баймаар байна. Өртэй хүн өт шиг шургаад, өрөөлд зарагдаад, захиалгын хуулиар зам хазайлгаад явах боломжтой шүү. Би хэлээд л байгаа, дахиад ч хэлнэ. Төр гэдгийг, төр барина гэдгийг оюутны дипломын ажил шиг ойлгоод, багшийгаа панаалдаад ард нь гардагтайгаа адил хялбархан бодоод байж болохгүй ээээ.
Одоо энэ худалч, хулгайч, хорчин гишүүдээс нүдээ бүү салга, чихээ бүү холдуул, санаачилж байгаа хууль болгоныг нь сахиж хяна, өөр арга байхгүй. Бид чинь парламентдаа цөөнгүй худалч, хулгайч, хуйвалдагч залчихсан улс юм байна! Одоо дээр нь хоёр тэрбумын зээлтэй Батшугар ороод ирлээ.
Залуу үеийнхэнд залуур атгуулна гэж тэсч хүлээсэн, тэвчиж өдий хүрсэн ард түмнийхээ сэтгэл рүү адгийн хар ус цацдаг энэ залуусын өр зээл, өмд банзлын асуудлыг ч үе үе анхаарч байхгүй бол ангалзсанд нь алдаад, худалдагдсанд нь хувааж өгөөд явуулдаг эх орон гэж үгүй шүү.