Хамтрагчид нь нэрээ татсанаар Х.Ганхуягийн хуулийн төсөл уналаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-12 02:33:40

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нийгэмд багагүй дуулиан болов. УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар тус төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн цагаас эхлэн олон нийтийн сүлжээ энэ хуулийн талаар шуугиж, өргөн барьсан гишүүд ч эхнээсээ хариуцлага, хэл амнаас зугтав.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уншаагүй, саналаа тусгаагүй төсөлдөө гарын үсэг зурсан болж таарав. Тэрбээр  “Хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй” гэж хуулийн төслийг буцаан татах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ. Д.Өнөрболор гарын үсэг зурснаас өөрөөр энэ хуулийн төсөлтэй хамааралгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.

Харин УИХ-ын гишүүн П.Анужин “хуулийн хулгай”-гаа зогсоож, эгүүлэн тат хэмээн хамтран санаачлагч нар руугаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан агсам тавьжээ. Тэрбээр хууль өргөн барих бичигт өнөөгийн хэл ам дагуулаад буй зүйл заалт байгаагүйг дурджээ. Ямартай ч ямар хуулийн төсөлд оролцож, хэрхэн яаж өөрчлөгдөх, ямар үр дагавар авчрахыг мэдээгүй, тооцоолоогүй эмэгтэй гишүүд хар толгойгоо бодоод, асуудлаас зугтах нь зугтлаа.

Ингэснээр Х.Ганхуяг гишүүний зүтгүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт унах нь тодорхой болов.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хууль өргөн барьсан гишүүд янз бүрийн мэдэгдэл хийж, нэрээ татсан байна лээ. Дэгийн хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь нэрээ татвал хууль татагддаг, хуулийг хэлэлцэх бүх шатанд. Тиймээс энэ хууль бараг татагдах байх” гэсэн тайлбарыг өгөв. Өөрөөр хэлбэл Д.Өнөрболор, П.Анужин нар нэрээ татсанаар энэ хууль автоматаар унаж байна гэсэн үг.

Санаачлагч гишүүн Х.Ганхуяг “Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн хичнээн гүрийж, үндэслэл тайлбарласан ч түүний үг дэгийн хууль тогтоомжийг давах боломжгүй. Товчхондоо түүнд хуулийн төслөө эгүүлэн татахаас өөр сонголт үлдсэнгүй.

Хууль санаачлах, хамтран оролцох нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт ажил. Хууль санаачлан боловсруулж, батлуулсныхаа төлөө гишүүд тодорхой урамшуулал ч авдаг. Санаачлахаас эхлээд хэлэлцэн батлах үйл явц 76 гишүүний ажил байж болох ч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх нь Монгол Улсын эрх ашиг, нийт хүн амын асуудал. Тиймээс эрхэм гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах ажилдаа тун нухацтай хандаж, эх орны эрх ашиг, ард иргэдийн амь, ажил амьдралын асуудлыг шийдэж байгаагаа ухамсарлах шаардлагатай байна. Мөн хууль санаачилсан гэж нэрээ хавчуулахдаа хуулийн төслөө сөхөж харахгүй бол эрхэм гишүүний нэр нүүрээ шороотой хутгах нь цаг хугацааны л асуудал гэдгийг энэ удаагийн тохиолдол хангалттай харууллаа

Та бүхний санаачилсан, баталсан хууль нэг хэсгийг эрх ашгийг хангаж, нөгөө хэсгийг хохироох учиргүй. Муу нэрийг хусаад ч арилахгүй. Эрхэм гишүүн гэх алдартаа тэнцэх хэмжээний ёсзүй, мэдлэг, мэдээлэлтэй байна уу, эрхэм гишүүд ээ.


Холбоотой мэдээ