Э.БАТШУГАРЫГ ДЭМЖИХГҮЙ БОЛ ГУРИЛ, БУДААГ ӨГӨХГҮЙ ШҮҮ” ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ
Улс ТөрХөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн дүнд бид нийтээрээ харамсаж байна. Сонгогчдын 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ.
Эрх баригчид машин машинаар иргэд, дүүрэг, хороод, төрийн өмчийн компанийн ажилтан, албан хаагчдыг зөөж ажиллуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байна. Маш олон хүнийг зөөсөн ч сонгууль ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цааш явах юм бол ардчилсан сонгууль, ардчилал нуран унах нөхцөл байдалд байна.
Иргэдийн 60 хувь нь сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй гэжээ. Энэ бол эрх баригч болоод улс төрийн намуудад өгч буй маш том сануулга гэж бид харж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд бензины хомсдол үүсэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан боллоо. Иргэд маань эрх барьж байгаа намд бухимдлаа сонгуульд оролцолгүйгээр илэрхийлж байна.
Үнэндээ монголын ардчилал дүүрэг, хороо, сум, багийн дарга, тэдний дор ажиллаж байгаа албан хаагчид мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна.
Иймд бид өчигдрийн сонгуулийн дүнг үндэслээд дүгнэлт хийх ёстой. Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авахыг эрх баригч болон бусад намуудад уриалж байна. Үүнд:
- Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй.
- Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруула, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгоё.
- Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байх зохицуулалтыг ажил хэрэг болгоё.
Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс хүсэж, уриалж байна. Мөн нэг намын тогтолцоог бий болгож байгаагаа өөрчлөхийг МАН-аас шаардаж байна.
Түүнчлэн саналаа өгөөгүй иргэдэд хандаж хэнийг сонсох нь хамаагүй, сонгуульдаа идэвхтэй оролцооч гэж хүсэж байна” гэв.
Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга Д.Гантулга “Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Нийт 113,993 иргэн сонгууль өгөх ёстойгоос 45,151 хүн буюу 39,6 хувь нь саналаа өглөө. Өчигдөр өдөржин МАН-ын зуу зуун машин хүн зөөж, санал авах байрны гадна тэдгээр хүмүүсийг түрүүлж бүртгээд, оруулсан. Үүнийг ардчилсан сонгууль гэх үү эсвэл төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэх үү. Үүнд МАН-аас хариу хариулт шаардаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр Монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажиллалаа. Цагдаа, багш, эмч, тус дүүрэг дэх утааны хяналтын 1,200 гаруй байцаагч бүгд МАН-ын төлөө ажилласан. Багш нар сурагчдынхаа эцэг эх рүү “Хорооны сургуулиа бариулахын тулд Э.Батшугарыг дэмжээрэй” гэдэг мессеж бичлээ. Хорооны ажилтнууд иргэд рүү “Э.Батшугарыг дэмжихгүй бол хорооноос өгдөг гурил, будааг өгөхгүй шүү” гэж заналхийлсэн. Ингэж төрийн эрх барьж байгаа нам төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж байгааг эсэргүүцэж байна.
Залуучууд сонгууль оролцохгүй бол Монгол Улс буцаад нэг намын тогтолцоонд орлоо. Иймд залуучууд та бүхэн нэмэлт сонгуульд ХҮН-ний төлөө саналаа өгдөггүй юм гэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэлээ.