Б.Энхбаяр: Төр хэрэг тулгах, хилсээр ял оноохоос үргэлж зайлсхийх ёстой

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-13 03:00:40

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүний өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Гэмт хэрэгтнийг олж илрүүлэх, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, ял шийтгэл ногдуулах нь төрийн үндсэн чиг үүрэг. Хэрэгтнээр өөрөөр нь хэргийг нь нотлуулах, тулгах, хилс ял шийтгэхээс төр үргэлж зайлсхийж, ийм хэлмэгдүүлэлтийг ямар ч үед гаргаж болохгүй. Харин хуулийнхан хуулиас гадуур ажиллаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч зөвтгөж болохгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн, Үндсэн хууль болон бусад хуулийн амин сүнсийг хамгаалахыг зорьсон гэдгийг хуулийн төсөл танилцуулахдаа тодотголоо.

2020 онд 13 140 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан байна. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ.

Хэрэг нотлогдсон хэмээн үзэж шүүхэд шилжүүлсэн прокурорын яллах дүгнэлтийг шүүх үндэслэлтэй хэмээн үзэж, шүүгдэгчийг гэм буруутай гэж шийдвэрлэсний дараа прокурор тодорхойгүй үндэслэлээр хэргийг шүүхээс татаж, мөрдөн байцаалт руу буцаах нь шүүхийн гэм буруутай гэсэн үзсэн эцсийн шийдвэрийг үгүйсгэсэн, прокурор нь шүүхийн дээр гарсан явдал юм. Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэнгүүт ял авахгүйн тулд прокурорт нөлөөлөх замаар хэргээ буцаалгаж хугацаа хожих, улмаар ял завших, авлига болон бусад хууль бус нөлөөллийг үзүүлэх сэдлийг бий болгосоор байгааг санаачлагч гишүүн хэлж байна.



Холбоотой мэдээ