БНХАУ-ын Шаньси мужид үер болж, нүүрсний фьючерс үнэ шинэ дээд түвшинд хүрлээ
ДэлхийБНХАУ-ын нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч Шаньси мужид үер болж, нүүрсний фьючерс үнэ шинэ дээд түвшинд хүрч өсөөд байна.
Үерийн улмаас таван хүн амь үрэгдэж, 120 мянга орчим хүн орон гэргүй болоод байгаа төдийгүй далан нурж, 682 уурхайн 60 гаруй нь хаагдаад байгаа аж.
БНХАУ дахь эрчим хүчний нүүрсний үнэ 11.6 хувиар өсөж, тонн нь 1408 юань болоод байна.
Үүнээс гадна тус улсад үүсээд буй эрчим хүчний хямралтай холбоотойгоор Өвөр Монголын Өөртөө Засах орны Вухай, Ордос зэрэг 72 уурхайн гарцыг энэ онд 100 орчим тонноор буюу 55 хувиар нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Харин Монгол Улсын хувьд есдүгээр сарын сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар нүүрс тээврийн 500 гаруй автомашин гарч байсан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 400 орчим автомашин гарсан байна.
БНХАУ-д эрчим хүчний хямрал үүссэнтэй холбоотойгоор нүүрсний эрэлт, үнэ нь өсөөд байгаа юм.
Харин цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас гарах экспорт буураад байна. Одоогоор жолооч нарыг 40 хүртэл хүнтэй “битүүмжилсэн баг”-ийн зохион байгуулалтад оруулан тээвэрлэлтэд ажиллуулж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлсэн юм.
Баасан гарагийн байдлаар Цагаанхад суурьшлын бүсэд 124 битүүмжилсэн багийн 3402 жолооч байгаа юм байна.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу ирэх оны долоодугаар сард дуусна гэдгийг мэдээллээ.