Х.Ганхуяг: Би xуулийн xapиуцлaгa ч xүлээxгүй, иргэдээс уучлaлт ч гуйxгүй!
Улс ТөрХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар санаачилсан гэгдэж буй. Гэвч УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар уг төслөө эгүүлэн татахаа мэдэгдсэн. Учир нь тэдний боловсруулсан төслийг Х.Ганхуяг гишүүн өөрчилж, УИХ-ын даргад өргөн барьсан учраас Д.Өнөрболор, П.Анужин нар эсэргүүцэж байгаа аж. П.Анужин гишүүн уг хуулийн санаачлагч хэдий ч ямар учраас өөрийн санаачилсан хуулийн төслөө эсэргүүцэх болов гэхээр гаднын иргэн Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг олгохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулдаг заалтыг нь авч хаясантай санал нийлэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байлаа ч холбогдох хууль тогтоомжийн дагуу олон удаагийн орж, гарах визийг олгодог зохицуулалттай.
Гэтэл Х.Ганхуяг гишүүн бусад санаачлагч гишүүддээ мэдэгдэлгүй “холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах” гэдэг заалтыг авч хаяхыг завдсан аж. Ийм алдаа гаргасан гишүүндээ хэрхэн хариуцлага тооцдог талаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тайлбар өгч чадаагүй юм. Учир нь дүрмээр зохицуулсан, тусгайлсан зохицуулалт байхгүй тул Х.Ганхуяг гишүүн ёс зүйн алдаа гаргасан ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх аж. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ: – Энэ асуудал яах аргагүй УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой. Бид бол тангараг өргөхдөөнийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлж ажиллана гэж тангараг өргөдөг. Хуучин ёс зүйн дэд хороо байхдаа ч дүрмээр, хуулиар зохицуулагдсан заалт байхгүй. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн алдаа гаргасан бол ард иргэдээсээ уучлал хүсдэг заалт оруулах ёстой гэж би хэлээд байгаа юм. Гэвч үүнийг оруулах эсэхийг би мэдэхгүй. Би энэ зохицуулалтыг өргөн барьсан ч гишүүд дэмжихгүй байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм. УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ“Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна. УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны 9-р сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим /Амчам/ болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм.
Түүнчлэн энэ 100,000 ам доллар бодитоор МУ-ын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ.
Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна. Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье! Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ирэх 7 хоногт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх болно” хэмээн цахим хаягтаа нийтлээд “алга” болсон. Тэрбээр үнэхээр “холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах” заалтыг авч хаясан эсэхийг өөрийн амнаас нь сонсохоор сэтгүүлчид эрэл хайгуулж болж байгаа ч гадаад явсан, хөдөө явсан гэх мэт тайлбарыг туслах нь өгч байгаа юм. УИХ-ын гишүүн бол тусгайлсан халдашгүй бүрэн эрхтэй. Гишүүний нэрийг ашиглах нь байтугай биед хүрэх ч хориотой. Гэтэл санаачлагч гишүүдийнхээ нэрийг ашиглаж хуулийн төслийн “залилан” хийсэн Х.Ганхуяг гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээх заалт байхгүй. Дээр нь уучлалт гуйх эрх зүйн зохицуулалтыг ч тусгаагүй тул хууль батлагчид өөртөө дэндүү зөөлөн суудал бэлджээ гэх шүүмжлэл дагуулахаар байна.