Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд дарангуйлагчийн хүү, мэргэжлийн боксчин, алдартай жүжигчин өрсөлдөхөөр боллоо

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-13 18:43:39

2022 онд болох Филиппиний ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа Баасан гарагт өндөрлөжээ.

Одоогийн ерөнхийлөгч Родриго Дутерте үндсэн хуульд заасны дагуу зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлж, дахин нэр дэвшихгүй юм.

Филиппиний дараагийн ерөнхийлөгчид өрсөлдөхөөр гурван онцгой хүн нэрээ дэвшүүлцгээжээ.

Тэдний нэг нь тус улсад олон жил дэглэмээ тогтоосон дарангуйлагч Фердинанд Маркосын хүү залуу Маркос юм. Өөр нэг нэр дэвшигч нь мэргэжлийн боксын аварга, сенатын гишүүн Мэнни Пакьяо болжээ.

Бас нэг онцлог нэр дэвшигч нь нийслэл Манила хотын захирагч, алдартай кино жүжигчин асан Иско Морено болсон байна.

Нэр дэвшигчдийн байдлаас харвал энэ удаагийн сонгууль маш өрсөлдөөнтэй болохоор байгааг ажиглагчид дүгнэжээ.

Филиппиний сонгуулийн систем ганц шатлалтай тул нэр дэвшигч хэчнээн бага санал авсан ч ерөнхийлөгч болох боломжтой юм. Дээрх нэр дэвшигчдээс гадна одоогийн ерөнхийлөгч Родриго Дутертегийн охин Дутерте-Каприо замын дундаас нэр дэвших өндөр магадлалтай байна.

Тэрбээр одоо Давао хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд Филиппиний сонгуулийн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нөхөн нэрээ дэвшүүлэх боломжтой.

Түүний эцэг 2016 онд яг ийм замаар нэрээ дэвшүүлж, сонгуульд ялалт байгуулж байжээ.

Дутертегийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч бас энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа.


Дарангуйлагч Фердинанд Маркос улс орноо 25 жилийн турш төмөр нударгаар захирч байгаад 1986 оны хувьсгалаар огцорч байв. Маркосын гэр бүлийн хөрөнгийн хэмжээг $10 тэрбум давна гэж судлаачид дүгнэдэг. Тиймээс дарангуйлагч агсны хүү энэ удаагийн сонгуульд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулах төлөвтэй байна.

26 жил спортын карьер хөөсөн Мэнни Пакьяо улс төрчийн хувьд Филиппинчүүдэд сайн танигдаагүй байгаа. 2016 онд анх сенатын гишүүн болсон мэргэжлийн боксчин Филиппиний ядуусыг тэтгэх зорилготойгоо мэдэгдээд байна.

Тэрбээр хүүхэд байхдаа чихэр, тамхи зарж амьдралаа залгуулдаг байсан тул ядуусын зовлонг сайн ойлгодгоо илэрхийлж байгаа.

2022 оны сонгуулийг сонирхолтой болгож буй өөр нэг нэр дэвшигч нь Манила хотын захирагч Морено юм. Тэрбээр 1990-ээд онд Филиппинийг байлдан дагуулж байсан хөнгөн эротик төрлийн кинонуудад дүр бүтээж алдаршжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд түүний улс төрийн замнал маш амжилттай ахисан юм.

Иско Морено бол түүний олонд алдаршсан тайзны нэр бөгөөд жинхэнэ нэр нь Франциско Домагосо ажээ. 

Номхон далайн бүс нутагт Хятад, АНУ-ын сөргөлдөөн эрчимжсэн цаг үед Филиппиний ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах гэж байна. Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай Филиппин улс энэхүү сөргөлдөөнд татагдан орох нь гарцаагүй юм.

Одоогийн ерөнхийлөгч Дутерте уламжлалт холбоотон АНУ-аас хараат байдлаа багасгаж, Бээжинтэй ойртох бодлого барьж байв. Дотооддоо тэр хар тамхины дайн зарлаж, 6,000 гаруй иргэнийхээ амийг хөнөөсөнд буруутгагдаж байгаа.

Зарим ажиглагчид Дутертег дэд ерөнхийлөгч болон охиноороо дамжуулан Филиппиний дараагийн засаг захиргаанд нөлөөгөө хадгалах магадлалтай гэж үзэж байна.

 Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ