Засгийн газар ирэх жил хоёр шинэ яамаар "бүл нэмж", 6.25 их наяд төгрөгийг зарлагадна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-14 03:52:55

Ирэх 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд Засгийн газрын бүрэлдэхүүнд хоёр яам шинээр байгуулахаар зардлыг нь тусгажээ. Сангийн сайдын өргөн барьсан төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад 4.39 их наяд төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 их наяд төгрөг төсөвлөсөн байна. 

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна гэж заасны дагуу "Эдийн засаг, хөгжлийн яам" болон төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор "Цахим хөгжил, харилцаа холбооны яам" тус тус байгуулахаар болов. 

Тэгэхээр Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам болгох юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар хоёр шинэ яамаар “бүл нэмж”, нийт 16 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулна.  

Засгийн газарт дахин хоёр яам байгуулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сард анх мэдэгдэж байсан. Тэрбээр "Яамтай байна гэдэг нь өөрөө бодлоготой байна гэсэн үг. Цахим хөгжлийн яамыг 2021 оны 11-р сард, Эдийн засгийн хөгжлийн яамыг тус тус байгуулна. Эдгээр нь та бүхэнд дэмжлэг болох байх хэмээн найдаж байгаа. Энэ нь зөвхөн Сангийн яамны төсөв мөнгөний бодлого биш, Монгол Улсын нийт эдийн засгийг томруулж харах, экспортод чиглэсэн, гадна дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Ер нь төрийн бүтэц цаг үетэйгээ уялдсан, уян хатан, бизнесийн байгууллага шиг бүтэцтэй байх ёстой гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хөшүүн биш, амьдралаас хол биш, хариу үйлдлийг шуурхай үзүүлдэг байх хэрэгтэй юм" гэж мэдэгдэж байв.

Энэ дагуу Цахим хөгжил агуулгад холбогдох УИХ-д Инновац, цахим бодлогын байнгын хороо ч байгуулагдсан, ер бэлтгэл нь өнгөрсөн намрын чуулганаас эхэлсэн гэж хэлж болно. Тэгвэл шинэ хоёр яам байгуулагдах сураг ажгаар шинэ сайдуудын нэрс мөн тодорч эхэллээ.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, харин Хөгжлийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томилох талаар хэлэлцэгдэж буй гэдэг мэдээлэл нэг хэсэг тархсан. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад зүтгүүлнэ гэх бор шувуу нисэж байна. Ямартай ч шинэ сайд нарын асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирнэ.

Одоогийн байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар: 

  • Ерөнхий сайд 
  • Шадар сайд 
  • ЗГХЭГ-ын дарга 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам 
  • Батлан хамгаалах яам 
  • Гадаад харилцааны яам 
  • Сангийн яам 
  • Хууль зүй, дотоод хэргийн яам 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 
  • Барилга, хот байгуулалтын яам 
  • Боловсрол, шинжлэх ухааны яам 
  • Зам, тээврийн хөгжлийн яам 
  • Соёлын яам 
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 
  • Эрчим хүчний яам 
  • Эрүүл мэндийн яам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй. 
Холбоотой мэдээ