Путин: Хийн хоолой Монголоор дамжина. Хятад бол итгэж болох хамтрагч

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-14 04:58:48

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын CNBC телевизийн сэтгүүлч Хэйдли Гэмбэлтэй ярилцах үеэрээ дараах байр суурийг илэрхийлжээ


“Би Си Зиньпин ерөнхийлөгч биш учир Хятадуудын менежмент нь ямар байх, юу хийх гэж байгааг мэдэхгүй учир надад тавих асуулт биш байна. Зөвхөн юу хийж байгааг нь л мэднэ. Үүнд ОХУ-тай хийж буй хамтын ажиллагаа багтаж байгаа.

Хятад бол ОХУ-ын худалдааны хамгийн том хамтрагч. Дэлхийн эдийн засгийн үзүүлэлт буурч байгаа хэдий ч ОХУ-Хятадын худалдааны дүн нэмэгдэж байгаа бөгөөд хөл хорионы 9 сарын хугацаанд 100 тэрбум доллар хүрсэн нь маш том үзүүлэлт. Энэ жил бараг рекорд тогоож байгаа гэж хэлж чадна.


Ийм учраас Хятад бол бидний хувьд маш найдвартай хамтрагч. Би улс төрийн оролцооны талаар яриагүй байгаа. Бид Хятадыг бараг бүхий л салбарт манай стратегийн хамтрагч хэмээн үзэж байгаа. Хятад үнэхээр найдаж болох хамтрагч. Хятад улс амласан бүх зүйлээ биелүүлж байна. Эдийн засгийн ч юм уу өөр бусад салбаруудад янз бүрийн асуудал гарлаа гэхэд бид бүгд адилхан нэг зүгт харж ширээний ард суугаад арга замыг хайдаг.


Бид арга замыг буулт хийх замаар ч шийддэг. Эрчим хүчний салбарт ч гэсэн яг адилхан. Хятад бидэнтэй ажилладаг. Бид эрчим хүчний хамгийн том төсөл дээр хамтарч байна. Дараагийн төсөл бол Хятадуудын оролцоотой хийн хоолойн төсөл юм. Манайхаас Хятад руу явах хоолой юм. Бид хийн хоолойн замыг нь бүтээчихсэн. Бидний зорьж байгаа хэмжээ бол 38 тэрбум куб метрт хүргэхээр зорьж байна.


Хятад улс бол маш том зах зээл. Маш хурдацтай хөгжиж томоохон хэрэглэгчдийн зах зээл юм. Өнөөдөр бид хоёр дахь хийн хоолойн чиглэл дээр тохирч байна гэж ойлголоо. Энэ нь Монгол улсаар дамжин өнгөрөх юм. Гэхдээ би үүнийг өмнө нь хэлж байсан. Бид нүүрсний нийлүүлэлтийн талаар яривал Хятад улс нүүрсний томоохон хэрэглээтэй.


Хятадын удирдлагын зүгээс нүүрсний хэрэглээг байхгүй болгох тал дээр томоохон арга хэмжээнүүд авч байгаа гэж харж байна. Хятад 1,3 тэрбум хүнтэй. Тиймээс шууд гарахад тийм ч амархан биш. Хүн амынхаа сонирхол, хэрэглээг мэдээж хамгаалах ёстой. Тэдэнд маш сайн төлөвлөсөн төлөвлөгөө гаргаж хүлэмжийн хийг багасгана гэж ойлгосон.

Улмаар шилжилтийн үе ирж байгалийн хий зэргийг илүү ашиглах үе ирнэ. Хийчихсэн байгаа дэд бүтцээрээ хийн нийлүүлэлтээ улам нэмэгдүүлэх нь бидний сонирхол юм. Хятадууд төлөвлөсөн бүх ажлаа амжилттай хийх эсэхийг би хэлж мэдэхгүй. Учир нь энэ маш том хэмжээ яригдаж байгаа учраас тэр. Гэхдээ үр дүндээ хүрэхэд шаардлагатай хийсэн зүйлс нь асуудалгүй хийгдчихсэн.” хэмээн ярьжээ.


Холбоотой мэдээ