Путин: Би дахин нэр дэвших эрхтэй, гэхдээ шийдээгүй байна
Улс ТөрАмерикийн CNBC телевизэд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ярилцлага өгснийг товчлон хүргэж байна.
- Ноён Ерөнхийлөгч өө, гүйцэтгэх захирал бүр л залгамжлагчийнхаа талаар үргэлж боддог. Та залгамжлагчийнхаа талаар ямар бодолтой байдаг вэ? Та үнэхээр л, 84 хүртлээ Ерөнхийлөгч байхыг хүсэж байгаа юу?
- Би ийм асуултуудад хариулахгүй байхыг хичээдэг, энэ нь миний уламжлалт хариулт. Дараагийн сонгууль хүртэл хангалттай их хугацаа байна. Энэ сэдвээрх яриа нөхцөл байдлыг тогтворгүй болгоно. Эрх барих бүхий л байгууллагууд, төрийн бүтэц бүхэлдээ итгэл төгс ажиллаж, ирээдүйгээ тайван харахын тулд нөхцөл байдал тайван, тогтвортой байх ёстой. Тийм ээ, Үндсэн хуулиар бол би дахин нэр дэвших боломжтой гэхдээ одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй байна.
- Хэдэн сарын өмнө ноён Новак бид тун удахгүй газрын тосны нийлүүлэлтийн гэрээгээ доллараар биш харин өөр валютаар, криптовалютаар ч хийж магадгүй талаар мэдэгдэж байсан.
- Криптовалютаар гэрээ хийх ээ? Одоогоор энэ талаар ярихад эрт байна. Учир нь криптовалют тооцооны нэгж болж чадах ч энэ валют маш тогтворгүй. Миний бодлоор эрчим хүчний нөөцөөр худалдаа хийхэд арай л эрт. Криптовалют одоогоор баталгаагүй байна. Ийм валютыг тооцооны хэрэгсэл болгон ашиглаж болно, гэхдээ газрын тос болон бусад түүхий эдийг үүгээр арилжина гэдэг хараахан эртэдсэн яриа.
Гэхдээ бүх зүйл л хөгждөг. Цаашлаад энэ валют хэрхэхийг харцгаая, хэзээ нэгэн цагт криптовалют хуримтлалын хэрэгсэл ч болж мэдэх юм. Харин одоогоор зах зээл хэлбэлзэлтэй байна, тиймээс цаг нь болоогүй.
- Тэгэхээр та Илон Маск зэрэг шиг хүмүүст байгаа хөрөнгө ямар ч хэрэггүй гэж та бодож байгаа юм уу?
-Яагаад? тийм хөрөнгө хэрэгтэй. Газрын тос худалдах, худалдан авахад тооцооны нэгж болгон криптовалютыг ашиглаж болох уу? Би энэ талаар л яриад байна.
Дараа нь энэ валютыг гүйлгээнд оруулахын тулд асар их эрчим хүч шаардлагатай. Тиймээс одоогоор уламжлалт тооцооны нэгжийг л ашиглах ёстой.
- Таныг доллараас татгалзаж, өөр валютууд ашиглахаар зэхэж байгаа талаар дуулсан. Энэ нь хориг арга хэмжээнээс бага хохирол амсахын тулд хийж байгаа үйлдэл үү?
- Долларыг хориг арга хэмжээний хэрэгсэл болгон ашглаж байгаагаараа АНУ алдаж байна гэж би боддог. Тэд ийм алхам хийснээрээ бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахад доллараар тооцоо хийхэд саад болдог. Бид нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ төлөө түншүүдээсээ доллараар мөнгө авах боломжгүй болчхоод байна. Бидэнд өөр сонголт алга, бусад валютуудаар тооцоо хийхээс өөр арга замгүй. Энэ бол нэгдүгээрт.
Хоёрдугаарт, долларыг валютын нөөц болгон ашигладаг улс орнуудад тэдний эсрэг долларыг ашиглах вий гэсэн түгшүүр байдаг. Тиймээс тэд долларын нөөцөө багасгаж, тооцоондоо бага ашиглахыг хичээдэг. Ингэснээр АНУ-ын ойрын түнш, холбоотнууд ч нөөцөнд нь байх долларын хэмжээгээ бууруулж байгаа.
Бид ч нөөцөн дэх доллараа бууруулж, тооцоо хийхдээ доллар ашиглахаа ч багасгана. Тийм хялбархан байдаггүй ч үндэсний валютуудаар тооцоо хийдэг болохыг хичээнэ.
-Доллар дэлхийн нөөцийн валют байхаа болих тийшээгээ хандаж байгаа гэж та бодож байна уу? Ийм байх боломжтой юу?
Доллар дэлхийн нөөцийн валют байх байр сууриа алдаж байгаа. Доллараар хийх тооцооны хэмжээ ч багасч, дэлхийн олон оронд валютын нөөц дэх доллараа бууруулж байгаа юм. Гэхдээ бид доллараар тооцоо хийхээс нэг мөр татгалзах бодолгүй байгаа.
Түүнээс гадна, АНУ-ын улсын өр нэмэгдэж, Конгресс дахиад л улсын өрийн таазаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Эндээс юу үүсэх вэ? Инфляци үүснэ. Магадгүй, түүхэнд анх удаа АНУ-ын инфляци урьд хожид байгаагүй хэмнэлээр нэмэгдэх байх. Ингэхээр долларт итгэх итгэл алдрах эдийн засгийн шалтгаан болж байгаа юм.
- БНХАУ-ын дарга Ши Жинпинь таныг сайн найз гэдэг. Та АНУ, Австрали, Их Британийн АUKUS холбоог хараад санаа зовниж байгаа юу? Ийм холбоо байгуулагдсанаар хурцадмал байдал, хүйтэн дайн дагуулах болов уу?
- Би ч гэсэн Ши Жинпинь даргыг найзаа гэж боддог, бид олон жил хамтран ажиллаж, улс төрийн салбарт төдийгүй эдийн засгийн хүрээнд ч хамтдаа олон сайн үр дүнд хүрсэн.
Таны хэлсэн АНУ, Их Британи, Австралийн нэгдэл шиг ямар нэгэн холбоо, эвсэл байгуулах нь мэдээж бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. Миний харж байгаагаар өөр хоорондоо нөхөрлөх нь сайн, гэхдээ "хэн нэгний эсрэг зогсохоор нөхөрлөх " нь муу. Энэ нь тогтвортой байдлыг алдагдуулж байгаа юм.
- Таны бодлоор өнөөдрийн хувьд хамгийн ноцтой асуудал юу вэ?
- Бидний хувьд хамгийн гол асуудал, мөн хамгийн гол зорилт бол улс орныхоо иргэдийн орлогыг дээшлүүлэх. Энэ бол манай гол, үндсэн зорилт, бид үүнийг шийдвэрлэхээр зорьж байна. Энэ бол урт хугацааны зорилт. Бид популист аргаар хөдлөхгүй, харин эдийн засгийн чанартай өсөлт дээр тулгуурлаж, Оросын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилтыг шийдвэрлэнэ.
- Ноён Навальныйн орлогыг ч бас та дээшлүүлэх үү?
- Таны хэлсэн иргэн хорих газарт байгаа.
- Амьдрахад таатай нөхцөлтэй газар биш шүү
- Тийм ээ, таатай нөхцөл биш. Гэхдээ тэр ганцаараа ийм байдалд байгаа хэрэг биш. Түүнээс гадна Оросын хууль тогтоомжийг зөрчсөн бусад хүмүүс ч тэнд байгаа.