Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-15 03:10:37

Харамсалтай нь, долоохон хоногийн өмнө, С.Зоригийн хөшөөний урд нэгдэж, нийлж байгаагаа зарлаж зогссон Ардчилсан намынхан нэмэлт санал хураалтын үр дүнг  үзэлгүйгээр өөр хоорондоо хэмлэлдээд эхлэжээ.  АН-д ийм их өстэй юм уу эсвэл ингэж харлуулах захиалга эрх баригч намаас аваа юу?!. Ёстой л үхрийн сүүлэн дээр хутга гэгч болов.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэнэтийн мэдээлэл хийж, "Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд бид дүрэм, хуулийн дагуу Ц.Тувааныг намын бүлгээс хасна. Цаашид Ардчилсан намын бүлгийн хуралд оролцохгүй. Мөн бие даан нэр дэвшсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бүлгийн үйл ажиллагаанаас хассан. Тэд бүлгийн хуралд оролцох боломжгүй болсон" тухай дуулгав. Араас нь залгуулаад О.Цогтгэрэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хариуцлагагүй мэдэгдэл хийсэн тул хариуцлага тооцно гэжээ.  Багшийг би хөөгөөд, багш намайг хөөгөөд гэдэг шиг.

Үүнээс хоёр хоногийн өмнө Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир нүүр номдоо Ардчилсан нам улс төрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байгаа тухай бичихдээ “Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Эцсийн дүндээ иргэд бидэнд манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй” гэсэн нь өөрийнх санаа биш эзнийх нь үг болох нь нэн ойлгомжтой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайдын албан бус зөвлөхөөр очсон Х.Баттулга ингээд улстөрийн карьертаа цэг тавих хүн биш. Л.Оюун-Эрдэнийн утсан хүүхэлдэй болоод явах хүн бүр биш.  Хувь хүний амбиц, араншинг нь тооцсон ч Х.Баттулга татами дээрээс тийм ч амархан буучихгүй. Зургаахан сарын өмнө зөвлөж яваа даргынхаа намыг  гэж захирамж хүртэл гаргаж явсан хүн шүү дээ.

Тиймээс унасан дээр нь түлхэж унагаагаад АН-ыг авах, үгүй дээ л үнэ цэнэгүй өрсөлдөх боломжгүй нам  болгох сонирхол түүнд байгаа. Аль хэдийнэ Х.Баттулга 13 мэхээ ашиглаж эхэлсэн гэсэн үг.

Үндсэндээ нэр зүсгүй болтол нь нүдэж, зодсон АН түүнд хэрэггүй. Харин АН-ыг сүйтгэж, сүйрүүлж байгаад гишүүд дэмжигчдийг нь Ардчилсан холбооны намдаа татах арга заль хэрэглэж буй биз. Угаасаа АН-аас ашиглах юм түүнд байхгүй болсон, тиймдээ ч ИЗНН-ыг худалдан авч, өөрийг байгуулах шинэ намтайгаа нэгтгэх тухай яриа улс төрийн хүрээнээс гарч буй хоосон хов биш байх.

ИЗНН-ын даргаар эхнэр Ц.Энхтуяа нь ажилладаг гэвэл энэ яриа илүү үнэнд ойр болох нь тодорхой.

Х.Баттулга нам байгуулна гэдэг Л.Оюун-Эрдэнэд халтай. Цаашдаа Л.Оюун-Эрдэнийн заналт дайсан нь Х.Баттулга болох магадлал өндөр. Үүрдийн дайсан, нөхөр гэж үгүй. Үүрдийн эрх ашиг бий гэж харвал.  Нэгэн цагт заналт дайсан явсан Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр өвөр түрийдээ орох нь шахуу дотносож, том жижиг биетэй болохоос нэг хүн гэгддэг байсан З.Энхболд, С.Эрдэнэ хоёр хэн болчхоод байгаа билээ.

Ц.Туваан С.Эрдэнийн хүн байсан, Д.Ганбат Х.Баттулгын гарын хүн явсан гэж харвал нөгөө л үүрдийн дайсан, нөхөр гэж байдаггүйн бодит жишээ болно. Үнэндээ Х.Баттулга өнөөдөр АН-ын гал голомтыг самарч байгаа нь АН-ын өөрсдийнх нь хийсэн үйлийн үр. Монголчууд хүн тэжээвэл толгой цусдана гэдэг!


Холбоотой мэдээ