Ч. МӨНХБАЯР: “Нөгөө Бат-Ялалт чинь МАН-ын улаан хамгаалагч болчихож”

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-15 03:24:22

За явсан газрын сонин хэмээвээс, үзээгүй юмаа үзлээ.

Миний бие 4 гишүүнийг татах бичигт гарын үсэг зурах гээд талбайд очтол нөхөд маань бараг алга, Төрийн ордны баруун хаалга руу явчихсан байж.

Би гарын үсгээ зурчихаад, Бат-Ялалт орилж хашгираад байхаар нь очоод сонстол:

“Төр засгаа тогтворгүй болгох гээд эд нар хуурамч хорлонтой тэмцлийг өрнүүлээд байна. Төр засгийг харлуулаад байна. Үндсэн хуулийг эд зөрчиж байна. Тэмцэгч нэртэй нийгэмд үймээн самуун дэгдээгээд яваад байгаа хүмүүстэй бид хатуу тэмцнэ. Эд нар хаанаас санхүүжилт аваад тэмцээд байна, судлана. Санхүүжилт аваагүй бол яалаа гэж тэмцэх вэ?

Хөрөнгө оруулалт, бензин, уран, нүүрсний тээвэр гээд л, эдэнд ер нь ямар хамаатай юм?

Төр засаг ард түмнийхээ төлөө зүтгээд байхад эд буруугаар гүтгэн мушгиж тархи угааж байна. Өнөөдөр манай нийгэмд болж байгаа муу муухай бүхэн энэ этгээдүүд төр засгийн ажлыг хийлгэхгүй байгаагаас л болж байгаа.

МАН гэхээсээ АН, ХҮН мөнгө тарааж сонгуулийн булхай хийж, төрийн эрхийг хууль бусаар авах гээд байна. Ард иргэд ээ, АН, ХҮН-тай цогтой тэмцэгтүн” гээд улаан хамгаалагч шиг орилж бархирах. Тойрсон бие хамгаалагчид, авгай нар уухайлах.

“Энэ хүн маань болохоо байж дээ” гэж бодож зогстол “Хуурамч тэмцэгчдийн аюул л Монгол оронд аюул занал учруулаад байна. Жишээ нь энэ Мөнхбаяр гээд хуурамч тэмцэгчийн бодит жишээ байна. Ард иргэд ээ энэ этгээдтэй тэмцэгтүн. Би одоо Мөнхбаяр гээч дайсан этгээдийн үнэн нүүр царайг нүд рүү нь харж байгаад илчлэнэ” хэмээн чарлах. Тойрсон бие хамгаалагчид, авгай нар уухайлах. Яг л Соёлын хувьсгал аа Соёлын хувьсгал. Яг улаан хамгаалагчид.


Тэгээд ор үндэсгүй намайг гүтгэж чарласан. Юу гээд ч байгаа юм, ойлгосонгүй. Тийм л их үнэнийг хэлдэг юм бол 2014 онд болсон гэх явдлыг яагаад 7 жилийн дараа, өнөөдөр л, чухам 4 гишүүний эсрэг тэмцэл дээр чарлана вэ. Хэлэх хугацаа, тохиол зөндөө л байсан шүү дээ. 2014 онд бид муудсан маргасан юм ер байхгүй, түүнээс хойш ч эвтэй найртай, олон юманд хамт оролцоод л зүтгээд л ирсэн.

Энэ хүнийг хэрэг түвэгт орохоор нь би сулла гэж шаардаад, хүмүүст дэмжихийг уриалаад л явдаг байлаа. Яагаад ингэж төрөл арилжив?

Дайруулж боорлуулсан би яаж зүгээр байхав, “та нар МАН-ын гар хөл болоод хөлсний ажил хийж байна, больцгоо” гэж шаардсан. Тэгсэн чинь намайг “АН-ын даалгавартай тагнуул ирж хутган үймүүллээ” гэж чарлалдсан. Шударга үг хэлсэн бүхнийг АН гэж цоллож байна. Гэтэл 4 гишүүний хэргийг АН эсэргүүцээд байгаа юм байхгүй шүү дээ.

Цагдаа нар “та больчих, та больчих” гээд намайг сугадаад холдуулсан. “Эд нар урьд нь ирсэн байсан, та дараа нь ирсэн, ингээд хэрүүл маргаан гарлаа” гээд байна билээ. Бат-Ялалтыг болохоор яах ч үгүй л юм билээ.

Хожим мэдвэл, намайг ирэхээс өмнө Цэгмэд нарын тэмцэгчид рүү бас тэгж улайрч дайрсан юм байна. Шударга иргэд хагаралдаад, ашиг хонжоо булаалдаад байгаа юм шиг муухай харагдуулах жүжгийг Бат-Ялалт найруулж тавьж, өөрийгөө ч хараалгаж, бусад шударга иргэдийг ч хараалгаж байна. Ийм бузар юм хийж байна. Тэнэгүүдэд зориулж тэнэг жүжиг тоглож байна.

Энэ хүн угаасаа МАН угшилтай, МАН бодлоготой нэгэн байсныг би хожуу мэдсэн. Гэхдээ ингэж бүх шударга иргэд рүү дайрч гүтгэж гүжирднэ гэж бодсонгүй. Ингэж эрээ цээрээ алдаж, хог дээр үсрэнэ гэж санасангүй. Мөнгө цагаан, нүд улаан гэж энэ байх даа.

Талбай дээр бие хамгаалагчид, тахин шүтэгч авгай нар, хэвлэл мэдээлэл, цагдаа нараар хүрээлүүлээд хаан ноён шиг л орж ирсэн гэнэ шүү. Тэгээд талбайд ирсэн бүхнийг “ирж тэмцэл үймүүллээ” гээд хөөлгөөд бариулаад байгаа юм шиг байна. Бат-Ялалт Монголын ард түмнийг тэмцэл хийлгэхгүй гэж байна.

Талбай дээр нэгэн тэмцэгч залуу таарч, Бат-Ялалт өөрийг нь шударга үнэнийг өгүүлсний төлөө бүлэглэн зодсон гэж байдаг шүү. Цагдаад хандна гэж байна билээ.

Ард иргэд олуулаа ирж тэмцэхгүй бол эх орноо гэсэн арав хорин хүнийг хорихыг нь хорьж, торгохыг нь торгож, гүтгэхийг нь гүтгэж, зодохыг нь зодоод зүйл дуусгах юм байндөө. 

Монголыг л зүйл дуусгана гэсэн үг шүү дээ.




Холбоотой мэдээ